Өнгөрсөн сарын 9-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх замдаа жирэмсэн эх амаржиж, онгоцонд хоёр ихэр охин төрүүлсэн билээ.
Эх, хүүхдүүдийн бие сайн байгаа бөгөөд тэдний тусгаарлалтын хугацаа дууссанаар өнөөдөр ХӨСҮТ-өөс гарч байна. Охидыг Энхцэлмэг, Энхжигүүр гэж нэрлэжээ.
Онгоцонд мэндэлсэн ихэр охидод МИАТ ТӨХК-иас 18 нас хүртэл тус компанийн онгоцоор үнэ төлбөргүй нисэх эрх өглөө.
Ихэр охидын ээж "Онгоцонд орохоос хоёр өдрийн өмнөөс бие жаахан чилээрхсэн. Есдүгээр сард төрөх байсан ч охид маань долоон сар хүрээд төрлөө. Анх 1.4 кг, 1.6 кг төрсөн. Төрсний дараагаар жин нь буураад, дахин нэмэгддэг юм байна. Одоогоор хэвийн жиндээ хүрч байгаа" гэлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Батсүх "Тусгай үүргийн нислэг хийгээд иргэдийг онгоцонд суулгаж байхад жирэмсэн эмэгтэй суусан. Бид төрнө гэж бодоогүй байсан. Хүний бие муудлаа гээд ирэхэд жирэмсэн эмэгтэйд маань өвдөлт өгсөн байсан. Тэгээд л олон хүний хүч, мэрийлтээр онгоцонд ихэр охидыг эсэн мэнд өлгийдөн авсан. Одоо эх хүүхдийн биеийн байдал хэвийн. Хүүхдүүд долоон сартай дутуу төрсөн ч одоо хэвийн жиндээ хүрсэн" гэлээ.
Мөн энэ үеэр МИАТ ТӨХК-ийн захирал Д.Баттөр "Монгол Улсад дотоодын нислэгийн үеэр хүүхэд мэндэлж байсан. Харин олон улсын нислэгт хүүхэд төрж байгаа анхны тохиолдол юм. Мөн ихэр хүүхэд онгоцонд мэндэлж буй нь дэлхийд анхных болж байгаа. Маш олон хүнийг түгшээж бас их баярлуулсан. Тиймээс манай компаниас ихэр охидоо болон ээжийг нь МИАТ ТӨХК-ийн нислэг үйлддэг бүх чиглэлд насан туршдаа үнэ төлбөргүй нисэх эрхийн бичгийг олгож байна" гэлээ.