Дөрвөн хүний шинжилгээнд коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 297 боллоо

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа 

тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Наймдугаар сарын 12-ны өдөр улсын хэмжээнд нийт 487 хүнд шинжилгээ хийхэд 483 хүнд коронавирус илрээгүй, дөрвөн хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.

Энэ дөрвөн хүн нь наймдугаар сарын 11-ний өдөр Прага-Улаанбаатарын онгоцоор ирсэн 73, 20 настай эмэгтэй байна.

Мөн Алтанбулагийн хилээр ойрын өдрүүдэд бид иргэдээ татан оруулсан. Тэдгээр иргэдээс Орхон болон Дархан-Уул аймагт тусгаарлагдаж байсан 24 настай эрэгтэй, 65 настай эмэгтэй ОХУ-ын иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ.

Өнөөдрийн байдлаар манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн 297 тохиолдол батлагдлаа. Үүнээс 269 нь эдгэрсэн байна.

Өчигдөр хийгдсэн коронавирус илрээгүй шинжилгээнд,

Долдугаар сарын 29-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 165 хүний давтан шинжилгээ,

Долдугаар сарын 30-нд Сидней-Улаанбаатарын онгоцоор ирсэн 165 хүний давтан шинжилгээ,

Тусгаарлах, ажиглах байранд байсан 23 хүний давтан шинжилгээ,

Тандалтын зорилгоор цуглуулсан найман хүний сорьц,

Дорноговь аймагт тусгаарлагдсан дөрвөн хүний давтан шинжилгээ,

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан хоёр хүний давтан шинжилгээ,

Алтанбулагийн боомтоор орж ирсэн 16 жолоочийн шинжилгээ багтаж байна” гэв.