Испанийн нэрт жүжигчин, найруулагч Антонио Бандерасын шинэ төрлийн коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарчээ. Тэрбээр энэ талаар өнгөрсөн Даваа гариг (2020.08.10)-т 60 насны төрсөн өдрөөрөө инстаграм хуудастаа испани хэлээр бичиж мэдээлсэн байна.
Антонио Бандерас “Наймдугаар сарын 10-ны энэ өдөр 60 насны төрсөн өдрөө тэмдэглэх учиртай би "Covid-19"-ийн шинжилгээний хариу эерэг гарсан учраас тусгаарлалтад байгаагаа мэдэгдэхийг хүсч байна” хэмээн тэмдэглээд, багынхаа зургийг нийтэлжээ. Мөн тэрбээр бага зэрэг ядарсныг эс тооцвол биеийн байдал “маш сайн” хэмээн нэмж өгүүлсэн байна. Бандерас тусгаарлалтын цаг хугацааг ашиглан ном уншиж, бичиж, амарч, цаашдын төлөвлөгөөгөө боловсруулна хэмээн мэдэгджээ.