УОК-ын Шуурхай штабаас ээлжит хэвлэлийн бага хурал зарлалаа.
ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл хийж байна. Тэрээр өнгөрсөн хугацаанд нийт 17 мянга гаруй иргэнээ гадаад улсаас татан авсан гэлээ.
Чех Улсын Засгийн газар, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Прага дахь салбарын дэмжлэгтэйгээр хийгдэж буй тус нислэгээр 249 монгол иргэн эх орондоо ирсэн.
Шинэ коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хилийн хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар нутаг буцах хүсэлтэй иргэдээ гадаадаас бүрэн татан авах хүртэлх хугацаанд нөхцөл байдал нь хүндэрсэн, санхүүгийн хүндрэлд орсон тусламж шаардлагатай иргэдийг тодорхойлох, тэдгээрт дэмжлэг үзүүлэх ажлыг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын туршлагад тулгуурлан хамтран зохион байгуулах саналыг Гадаад харилцааны яамнаас 2020 оны 4 дүгээр сард анх тавьж байсан бөгөөд энэ удаагийн нислэгээр ирсэн 185 иргэний нислэгийн болон тусгаарлах байрны зардлыг тус байгууллага бүрэн хариуцаж байгаа болно.
Өнгөрсөн хугацаанд үйлдэгдсэн тусгай үүргийн нислэгүүдээр Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын дэмжлэгээр 27 монгол иргэнийг гадаадын бусад улсаас эх оронд нь авчирсан бөгөөд Гадаад харилцааны яам Истанбул дахь Ерөнхий консулын газраараа дамжуулан Турк улсад байгаа иргэддээ тусламж үзүүлэх ажлыг тус байгууллагын Истанбул дахь салбартай хамтран ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Дашрамд дурдахад 2020 онд Монгол Улс, БНЧУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа бөгөөд Прага-Улаанбаатар чиглэлийн энэ удаагийн нислэг нь Монгол, Чехийн хооронд зорчигч тээврийн анхны нислэг болсноороо онцлог юм.
Өнөөдрийн байдлаар нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо буурахгүй байна. Өнгөрсөн хугацаанд 50 гаруй орноос 17211 хүнийг татан авсан.
Долдугаар сарын эхээр 2,400 орчим иргэн Сөүл дэх Элчин сайдын яаманд хандсан бол өнөөгийн байдлаар 4,000 гаруй хүсэлт бүртгэгдээд байна.
Хүсэлтээ гаргасан зарим иргэд 20,30-аараа хүсэлтээ цуцлах тохиолдол гарч байна. Энэ тохиолдолд дараагийн иргэдийн нэрсийг зарлах ажлыг шуурхай зохион байгуулж байна.
Чехээс ирсэн оюутантай холбоотой ташаа мэдээлэл их байна. ОХУ зөвхөн гурван улсад хэлээ нээсэн гэдгийг санууштай. ОХУ хилээрээ чөлөөтэй нэвтрүүлж байна гэсэн буруу мэдээлэл авч, олон иргэд хил зөрчиж, асуудалд орох вий.
Энэ дашрамд бие биедээ тусалж дэмжин, гэртээ байлгах, хооллож ундлах зэргээр тус нэмэр болж буй иргэддээ ГХЯ-аас албан ёсоор талархал илэрхийлж байна гэлээ.