Сурагчийн дүрэмт хувцасны загвар өөрчлөгдөөгүй

Олон сарын хөл хорионы дараа бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс үе шаттайгаар эхлүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргасан. Ингэхдээ ерөнхий боловсролын сургуулиуд гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле болон цахимаар хичээллэхээр болсон.

Ямартай ч хичээл сургууль эхлэх болсон тул эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг базааж эхэлсэн байна. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд сурагчийн дүрэмт хувцасны загварт өөрлөлт орно гэсэн ташаа ойлголт үүсээд буй. Үүнийг Нийслэлийн боловсролын газраас тодруулахад “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцсанд ямар  ч өөрчлөлт орохгүй. Өмнө жилийнхтэйгээ адилхан байна.” гэсэн мэдээллийг өгсөн юм.  

Ахлах ангийн сурагчийн дүрэмт хувцас 125-153 мянган төгрөг байна.

Урьд жилүүдэд наадмын дараанаас л хичээлийн шинэ жилийг угтсан үзэсгэлэн худалдаа олноор гардаг байсан бол энэ жил тун намуухан байна. Одоогоор “Торгон хийц” болон “Бүтээлч үйлс”, “Шилмэл загвар”, “Батзүү” зэрэг компаниуд сурагчийн дүрэмт хувцасыг үйлдвэрлэн худалдаалж эхлээд байгаа юм. 

Мөн энэ жил коронавирусын улмаас өрхийн эдийн засаг муудсан тул сурагчийн дүрэмт хувцасны үнэд өөрчлөлт орохгүй өмнөх жилийнхтэй ижил үнээр худалдаалагдаж байгаа юм байна. Бага ангийн эрэгтэй, эмэгтэй дүрэмт хувцас дундажаар 67-91 мянган төгрөг, дунд ангийн дүрэмт хувцас 82-115 мянган төгрөг, ахлах ангийн дүрэмт хувцас 125-153 мянган төгрөгийн хооронд худалдаалж байна.