Эрүүл мэндийн яам болон холбогдох албаныхан CoVid19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 216 улс, бүс нутагт CoVid19 бүртгэгдэж, 19 сая 736 мянган хүн өвчилж, 731 мянган хүн эндсэн байна. Харин 12 сая гаруй хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.
Дэлхийд 24 цагийн дотор 273 мянган хүн халдвар авч, 6000 гаруй хүн эндсэн. Дэлхийд сүүлийн 10-аад хоногт CoVid19 халдварын тархалт эрчимжиж байна.
Тиймээс ДЭМБ-аас дэлхийн бүх улс орон нэгдэж коронавирусийн эсрэг тэмцэх хэрэгтэйг сануулсан.
Энэтхэгт 62 мянга, АНУ-д 59 мянга, Бразилд 53 мянган хүн халдвар авсан нь хамгийн их халдвар бүртгэгдсэн эхний гурван орны тоонд орж байна.
Манай хөрш ОХУ-д 24 цагийн дотор 5180 гаруй хүн шинээр халдвар авч, 77 хүн энджээ.
БНХАУ-д 121 тохиолдол шинээр бүртгэгдсэний 35 нь гадаад улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн.
Япон улсад сүүлийн 14 хоногт халдварын тархалт өндөр байна. 1443 хүн халдвар авч, таван хүн эндсэн байна.
Олон улсын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар тухайн улсын хүн амын 66 хувь нь короновирусийн эсрэг дархлаа тогтсон бол халдварын хоёр дахь давлагааг даван туулна гэсэн байна. Харамсалтай нь, одоогоор аль ч улсад хүн амын ихэнхэд дархлаа тогтоогүй. Мөн АНУ-ын Жоржиа мужид хичээл эхэлсэн өдөр багш, сурагчаас коронавирусийн халдвар илэрчээ. Манай улсад удахгүй хичээлийн шинэ жил эхлэх тул хүүхдүүддээ амны хаалт зүүлгэхийг уриалж байна.
Манай улсын хувьд 3358 хүн тусгаарлах ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 79 хүн эмчлүүлж байгаагаас гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна" гэсэн юм.