Монголбанкны Мөнгөний бодлогын хороо мэдээлэл хийсэн.
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлаа өнгөрсөн баасан хийж, хэрэглээний зээлийн хугацааг сунгах тухай шийдвэр гаргажээ.
Тус хороо өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд хэрэглээний зээлийн хугацааг сунгах шийдвэр гаргасан бол уг шийдвэрийг арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл сунгахаар болсныг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа.
Ингэснээр эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн, зээлийн эргэн төлөлт хүндрэлтэй болсон иргэд, ААН-үүд зээлийн бүтэцдээ өөрчлөлт оруулж, хугацаагаа сунгаж, банктайгаа дахин гэрээ хийх боломжтой болох нь. Өмнөх шийдвэрийн хүрээнд 76 орчим мянган зээлдэгчийн 663 тэрбум төгрөгийн хэрэглээний зээлд өөрчлөлт орсон байна. Уг шийдвэрийн үр дүнд зээлдэгчийн санхүүгийн дарамтыг хөнгөлж, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангана гэж үзэж байгааг тэрбээр хэллээ.
"Банкны системийн хэмжээнд 5.6 их наяд төгрөгийн зээл цар тахлын нөлөөнд орсон"
Уг шийдвэрийн талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа нэмж тайлбар хийлээ. Тэрбээр
Нийт банкны системийн хэмжээнд 5.6 их наяд төгрөгийн зээл цар тахлын нөлөөнд орсон байна. Үүнээс 15 орчим хувь нь хүндрэлд орсон хэр нь ангиллыг хийж, гэрээний бүтэцдээ өөрчлөлт оруулж чадаагүй байна гэсэн судалгаа гарсан.
Хэрэглээний зээлийн хугацаа сунгасан байдлыг авч үзвэл сүүлийн зургаа болон долдугаар сарууд дээр хэрэглээний зээлийн хугацаа сунгах хандлага харьцангуй саарсан. Дөрөв, тавдугаар сарууд дээр өндөр шаардлагатай байсан тэр зээлдэгч нар хэрэглээний зээлийн бүтэцдээ өөрчлөлт оруулсан байна.
Тухайлбал, дөрөв, тавдугаар сард долоо хоногт дунджаар 9,000 зээлдэгч хэрэглээний зээлийн бүтцэд өөрчлөлт оруулж байсан бол зургаадугаар сард 3,300 орчим, долдугаар сард 1,800 орчим болж буурсан. Хэдийгээр хандлага ингэж буурч байгаа ч цаашдаа цар тахлын нөлөөнөөс болоод эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө тодорхой хугацаанд үргэлжлэх нөхцөл харагдаж байна. Дээрээс нь энэ нөхцөл байдал олон улсад тогтворжих бус_ халдвар үргэлжлэх хандлагатай байгаа тул дээрх шийдвэрийг урьдчилж гаргаж байгаа.
Хэрэглээний зээлийн хугацааг сунгаж байгаа 76 мянган зээлдэгчийн 670 орчим тэрбум төгрөгийн зээлийг харахаар дунджаар 6.4 сараар хугацаагаа сунгасан байна. Тэгвэл энэ удаагийн шийдвэрээр дараах боломжийг олгох юм.
Хэрэв та 12-оос бага сараар хугацаагаа сунгасан бол 12 сараа гүйцээж, дахиж сунгах боломжийг энэ шийдвэр олгож байгаа.
Огт сунгаагүй хэр нь үнэхээр та санхүүгийн хүндрэлд орсон бол 12 хүртэлх сараар зээлийнхээ хугацааг сунгах боломжтой.
Ингэснээр санхүүгийн дарамтад орохоос сэргийлэхээс гадна чанаргүй, муу зээлдэгчийн ангилалд орохоос сэргийлж байгаа" гэлээ.