Өвөр Монголын Бугат хотод тарваган тахал туссан нэг хүн нас баржээ

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Бугат хотод тарваган тахал авсан нэг иргэн нас баржээ. Тэрбээр тарваганы мах идсэнээр халдвар авч,  гурав хоногийн дараа амьсгал хураасан байна. Улмаар тус хошуунд хөл хорио тогтоож, нэгдүгээр зэргийн хавьтал болсон есөн хүн, хоёрдугаар зэргийн хавьтал болсон 26 хүнийг тусгаарлан хяналтад авсан гэж Бугат хотын Эрүүл мэндийн газраас мэдээлжээ.

БНХАУ-д 2009 оноос 2019 онд тарваган тахлын 31 тохиолдол бүртгэгдэж, уг өвчнөөр 12 хүн нас барж байжээ.

Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтөний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагддаг аж.