Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол нэмэгдсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс зарлаж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 5-нд ХӨСҮТ Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лаборатори болон ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 441 хүний шинжилгээг хийлээ. Бүгд СӨРӨГ буюу коронавирусийн халдваргүй гарсан. Тодруулбал,
Сиэтл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 251 зорчигч
Тусгаарлах байранд тусгаарлагдаж байгаа 53 хүний давтан шинжилгээ
Сувилалд байгаа 9 хүний давтан шинжилгээ
ХӨСҮТ болон тусгаарлах байранд ажиллаж буй эмч, ажилтан 13 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.
Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 27 жолооч
Замын-Үүдэд тусгаарлагдсан 86 хүний шинжилгээ
Сэлэнгэ, Дорноговь аймагт тусгаарлагдсан тус бүр нэг хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй" гэлээ.
Мөн өнөөдөр Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчдоос дөрвөн хүнийг сэжигтэй тохиолдлоор ХӨСҮТ-д тусгаарлажээ.
16 хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжлээ
ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 16 хүн эдгэрч, өнөөдөр дараагийн шатны ажиглалтад шилжсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв. Тэдний 14 нь энхийг сахиулагч бол хоёр нь долдугаар сарын 6-н болон 15-нд эх орондоо ирсэн иргэд байна.
Монгол Улсад коронавирусийн гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 293 тохиолдол батлагдсанаас 260 нь эдгэрлээ. Эмчлүүлж буй 33 хүний 30-ынх нь биеийн байдал хөнгөн, гурав нь хүндэвтэр байгаа аж.