Энэ онд 60 цэцэрлэг, 35 сургууль ашиглалтад орно

Засгийн газраас “Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах”, “Гурван ээлжтэй сургуулиудыг хоёр ээлжтэй болгох” зорилт дэвшүүлэн, 2020 онд 100 сургууль, 130 цэцэрлэгийн барилга барьж, өргөтгөхөө мэдэгдсэн. Есдүгээр сарын 1-нд сургууль, цэцэрлэг хэр хүртээмжтэй байх талаар бид “Яам, агентлагаар сонин юутай вэ?” буландаа онцолж байна.

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн онд ерөнхий боловсролын сургуулийн 180 орчим бүлэг гурван ээлжээр хичээллэж, цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 20 хувь гэртээ үлдсэн мэдээлэл бий. Нийслэлийн Боловсролын газраас энэ хичээлийн жилд төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн хүрэлцээ, хангамжийн талаар тодрууллаа. Нийслэлийн хэмжээнд 2016-2019 оны хооронд нийт 77 цэцэрлэг, 33 сургууль шинээр баригдаж ашиглалтад оржээ. Харин энэ жилийн хувьд 60 цэцэрлэг, 35 сургуулийн барилгын ажил явагдаж, гүйцэтгэл нь 60 гаруй хувьтай байгаа аж.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр, энэ онд улсын болон нийслэлийн төсвөөр нийт 10.555 хүүхдийн 60 цэцэрлэг, 22.250 хүүхдийн 35 сургууль, 680 хүүхдийн дөрвөн бага сургууль, таван спорт заал, насанд хүрэгчдийн боловсролын нэг төв ашиглалтад орно. Ерөнхий боловсролын сургуулиудын хувьд гурван ээлжээр хичээллэхгүй байх боломж бүрдүүлэхийг хичээн ажиллаж байгаа аж. Өнгөрсөн жил цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 80 гаруй хувийг хамруулж чадсан бол энэ жил шинэ цэцэрлэг ашиглалтад орсон ч хүрэлцээг хүрэн хангаж чадахгүй юм байна. Учир нь цэцэрлэгийн насны хүүхэд олон, анги дүүргэлт их байгаатай холбоотой аж.

Энэ жилийн хувьд, нийслэлд Баянгол дүүргийн “Сэтгэм” сургууль, Сонгинохайрхан дүүргийн 122 дугаар сургууль, Хан-Уул дүүргийн 10 дугаар сургууль, 15 дугаар сургууль, 18 дугаар сургууль 115 дугаар сургууль, 118 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 120 дугаар сургууль гурван ээлжээр хичээллэж болзошгүй байгаа аж. Найман сургууль дэргэдээ сургалтын зориулалтаар ашиглах байр судалсан бөгөөд энэ долоо хоногт ажлын хэсэг ажиллаж, сургуулийн дэргэдэх байрыг сургалтын зориулалтаар ашиглаж болох эсэхэд дүгнэлт гаргах аж.

Шинээр сургууль, цэцэрлэг байгуулах хүсэлтийг наймдугаар сарын 3-12-ний хооронд хүлээн авч эхэлсэн байна. Нийслэлд дотоодын хөрөнгө оруулалттай ЕБС, цэцэрлэг байгуулах хүсэлтэй бол Нийслэлийн Боловсролын газарт зохих материалаа бүрдүүлээд хандах боломжтой ажээ.