Тайхар чулууны гадаргуу хэсгийн механик бохирдлыг судалжээ

Тайхар чулууны гадаргуу хэсгийн механик бохирдол болох будаг, сүү тосны бохирдол хими биологийн гэмтлээс хамааралтай чулуулгийн өгөршил, өнгөний гандалт, хүрээлэн буй орчны анхан шатны эрсдэлийг тодорхойлох судалгааг явуулжээ.

Соёлын өвийн үндэсний төвийн Соёлын биет өвийг сэргээн засварлах газар, Математик тоон технологийн хүрээлэнгийн судлаач мэргэжилтнүүд, Архангай аймгийн музей, Архангай аймгийн Ихтамир сумын Соёлын төвийн хамт олноос бүрдсэн баг гэмтэл бохирдлыг цэвэрлэх, хадан дээрх бичгийн дурсгалыг бэхжүүлэх аргазүйг боловсруулж тус дурсгалын онцлогт тохируулан хадгалалт, хамгаалалтын нөхцлийг сайжруулах зорилгоор анхан шатны сорьц судалгааг хийсэн байна.

Цаашид тус судалгааны үр дүнд суурилсан хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөж байгаа аж.

Хүн төрөлхтний соёлын хөгжлийг харуулж байдаг хадан дээрх дурсгалыг дарж дээрээс нь будаг, химийн бодисоор бохирдуулах явдал гарсаар байгаа юм. Тухайлбал,

2011 онд Дэлхийн өвийн Жагсаалтад coёлын ангиллаар бүртгэгдсэн "Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор"-т байрлах дурсгалууд дээр будгаар зурсан тохиолдол байна.

Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор 12,000 жилийн тэртээгээс хүн төрөлхтний соёлын хөгжлийг харуулсан олон хадны зураг, булшны хөшөө байдаг гурван газраас /Цагаан салаа/Бага Ойгор, Цагаан голын эх, Арал толгой/ бүрддэг.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумдын нутгийг дамнан орших “Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор”-ын орчмын байгаль нь түүний эх байдал, унаган төрхийн нэг хэсэг бөгөөд энэ бүс нутагт хог хаях, хадан дээр бичих зэрэг нь Дэлхийн Өвийн дурсгалт газрын эх байдал, унаган төрхийн эсрэг гэмт хэрэг юм.