Монголын нэг сайд Каннамд гурван орон сууц эзэмшдэг

БНСУ-ын Сөүл хотын элитүүдийн дүүрэг болох Каннам дүүрэгт гадаадын баячууд болон өндөр албан тушаалтнууд орон сууц олноор худалдан авах болсон тухай нийтлэл өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт  тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, олны анхаарлыг татсан.

Каннам дүүргийн орон сууцууд цар тахлын үед ч үнэ нь буурахгүй байгаа бөгөөд Нью-Йорк, Лондон, Хонгконг, Сингапур дахь орон сууцуудтай адил ямар ч үед үнэ цэнээ алдахгүй, дэлхийн хамгийн аюулгүй газруудын нэгт тооцогддог болжээ. Тус дүүрэгт орон сууц авч буй болон авахыг эрмэлзэж буй хүмүүсийн ихэнх нь Азийн орнуудын улс төр болон бусад салбарт нэр нөлөө бүхий хүмүүс байна гэж эх сурвалжийн мэдээлэлд дурдсан билээ.

Өмнөд Солонгосын нэрээ нууцлахыг хүссэн Засгийн газрын эх сурвалж “Миний сонссоноор Хятадын зарим төрийн өндөр албан тушаалтнууд тус дүүрэгт сүүлийн жилүүдэд хэд хэдэн орон сууц худалдаж авсан байсан. Бас Монголын нэг сайд энэ дүүрэгт гурван орон сууц эзэмшдэг гэж сонссон” хэмээн ярьсан тухай дээрх нийтлэлүүдэд дурдсан.

Сөүлд зохион байгуулагдсан хэвлэлийн бага хурлын үеэр БНСУ-ын Татварын албаны Мөрдөн шалгах асуудал эрхэлсэн комиссарын туслах Лим Кван Хюн “Солонгост орон сууцтай гадаадын иргэдийг татвараас зайлсхийхийг оролдсон хэргээр шалгахаар болсон. Тэд орон сууц худалдан авч байгаа солонгосчуудтай ижил татвар төлөх ёстой. Худалдаж авчихаад ашиг орлого олж болохгүй. Гадаадын иргэдийн худалдаж авсан орон сууцны 32.7 хувь нь худалдаж авсан цагаасаа хойш хоосон байгаа нь амьдрах зорилгоор аваагүйг харуулж, сэжиг төрүүлж байна. Иймд бидний энэ хүчин чармайлт орон сууцны үнийн хөөрөгдлөөс сэргийлэхэд тусална гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ.

Сүүлийн гурван жилд БНСУ-д орон сууцны үнэ 314 сая воноор буюу 52 хувиар нэмэгджээ. Зургадугаар сард гадаадын иргэдийн худалдан авсан өмчийн тоо 2090-д хүрсэн нь 2006 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт аж. Сэжиглэж буй эдгээр хүмүүсийн мэдээллийг өөрийн оронд нь шилжүүлэхээр төлөвлөжээ. Түүн дотор Монгол Улсын нэгэн сайд байгааг эх сурвалж мэдээлсэн байна.

“Bloomberg” агентлагийн мэдээлснээр, Өмнөд Солонгост үл хөдлөх хөрөнгө худалдан авах Хятад иргэдийн тоо энэ оны эхний улиралд өнгөрөгч оны дөрөвдүгээр хагасаас 180 хувиар өсчээ. Хонгконгод өнгөрсөн жил өрнөсөн эсэргүүцлийн жагсаал цуглаанаас үүдэн Хонгконгоос хөрөнгөө татах гэсэн Хятадын чинээлэг бүлгийнхэн Өмнөд Солонгосын үл хөдлөх хөрөнгийг сонирхох болсон учир Каннам дүүрэгт орон сууцны эрэлт ихэссэн байна.

БНСУ-ын Үндэсний татварын алба (NTS) сүүлийн гурван жилд Солонгосоос хамгийн багадаа хоёр орон сууц худалдан авсан гадаадын 42 иргэнд шалгалт хийж, тэднийг түрээсийн орлого, хөрөнгө орлогын татвараас зайлсхийсэн хэрэгт сэжиглэж байгаа аж. Тус улсын Татварын алба өнгөрсөн Даваа гаригт “Солонгост гадаадын 1036 иргэн 2467 орон сууц эзэмшдэг. Эдгээр хүмүүсийн 886 нь хоёр, 105 нь гурав, 65 нь дөрөв болон түүнээс олон орон сууцтай” гэж мэдээлжээ.