Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тэрэлж шугуйд аялал жуулчлалын чиглэлээр амралтын газрын үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна. Шалгалтаар амралтын газрын үйл ажиллагаа эрхэлж байгаа 50 гаруй иргэн, байгууллага нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байв.
Улмаар ус, хөрсний бохирдол үүсгэн байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, иргэд, амрагчдын эрүүл мэндэд, гал түймрийн болон үерийн усны аюулд өртөхөд эрсдэл учруулах, цаашлаад Нийслэлийн иргэдийн ундны усны эх үүсвэр Туул, Тэрэлж голын эхийг бохирдуулж, халдварт өвчинд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг тогтоожээ.
Амралтын газар, жуулчны баазын үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагууд нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх журам”-ын дагуу амралтын газар, жуулчны баазын үндсэн шаардлага стандартыг хангаж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зөвшөөрөл авч үйл ажиллагаа эрхэлдэг.
Энэ удаагийн шалгалтаар энэхүү журам болон “Амралтын газар, жуулчны баазуудад тавих ерөнхий шаардлага MNS 6043:2019”, “Хоолны газрын ангилал, зэрэглэл үндсэн шаардлага” MNS 4946:2019”, “Нүхэн жорлон угаадасны нүх. Техникийн шаардлага” MNS 5924:2015, Камерийн иж бүрэн хэрэгсэл ерөнхий шаардлага MNS 6423:2013, “Ундны ус” MNS 900:2005, Гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл MNS 5566:2005 стандартууд ба Коронавирус /Ковид-19/ цар тахал тархаж байгаатай холбогдуулан гарсан холбогдох захирамжлалын баримт бичгүүдийн хэрэгжилтийг шалгалаа.