Дисней компани шинээр бүтээсэн “Мулан” бүрэн хэмжээний уран сайхны киногоо ирэх сард өөрийн Disney+ стриминг платформоор нээх болсноо өчигдөр зарлажээ.
Цар тахлын улмаас АНУ даяар кинотеатрууд хаалттай байгаа тул ийм шийдвэр гаргасан байна. Дисней компанийн хувьд анх удаа шинэ бүтээлээ кинотеатраас өөр платформ ашиглан нээж байгаа нь энэ юм.
“Мулан” есдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн Disney+ стриминг сүлжээнд $29.99 үнээр тавигдах гэнэ.
Гэхдээ АНУ-аас бусад улсын зах зээлд кинотеатрын нээлтээ хийх төлөвтэй байна. Ердийн үед студиуд шинэ киногоо кинотеатрт гаргаж эхэлснээс хойш 90 хоногийн дараа онлайн платформд шилжүүлдэг байв.
Харин цар тахал эхэлсний дараа хэд хэдэн том студи бүтээлээ шууд онлайнаар цацаж эхэлсэн юм.
“Мулан”-ыг бүтээхэд Дисней компани $200 саяыг зарцуулжээ. Тус компани ганцхан энэ бүтээлээ шууд стриминг платформоор үзүүлж, туршилт хийж байгаа гэнэ.
Хэрвээ үр дүн сайн байвал цаашдаа бусад бүтээлүүдээ ч кинотеатргүйгээр нээх талаар бодож байгааг Дисней компанийн гүйцэтгэх захирал Боб Чапек мэдэгджээ.
“Мулан”-ыг анх энэ оны гуравдугаар сард улаан хивсний ёслолтой нээхээр төлөвлөж байсан юм. Гэвч цар тахлын улмаас хэд хэдэн удаа хойшлогдож байв.