БНСУ-д хүчтэй аадар бороо үргэлжлэн орсноос үүдэн үер бууж, хөрсний гулгалт үүсээд байна. Үерийн улмаас дөрвөн өдрийн дотор 12 хүн амиа алдаж, 14 хүн ор сураггүй алга болжээ. Энэ тухай тус улсын Байгалийн гамшигтай тэмцэх штабаас өнөөдөр мэдэгдсэн юм.
Амиа алдсан хүмүүсийн дунд Сөүл хотын оршин суугч нэг, Кёнгидо мужийн долоо, Чунчон-Пукто мужийн дөрвөн оршин суугч байна. Хүчтэй аадар бороо орсны улмаас тус улсад 600 гаруй байшин сүйдэж, хөдөө аж ахуйн 5000 гаруй га газар усанд автжээ. Одоогийн байдлаар тухайн бүс нутгуудаас 1000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж.
БНСУ-ын Ерөнхий сайд Чон Се Гюн иргэдийг аль болох гадуур гарахгүй байхыг уриалахын зэрэгцээ байнгын бэлэн байдалд байх тухай захирамжийг шуурхай албанд өгчээ.