Ливан улсын нийслэл Бейрут хотод байрлах боомтын ойролцоо өчигдөр маш хүчтэй дэлбэрэлт болжээ. Үүний улмаас 78 хүн амь насаа алдсан бол 4000 гаруй хүн дэлбэрэлтэд өртөн шархадсан байна. Тус дэлбэрэлт 4.5 магнитудын газар хөдлөлттэй тэнцэхүйц хэмжээний доргилтыг үүсгэсэн хүчтэй дэлбэрэлт болсон гэдгийг эх сурвалжууд мэдээлж буй юм.
Бейрут хотын эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больсон бөгөөд үүнтэй холбогдуулан дэлбэрэлтийн улмаас гэмтсэн хүмүүсийн заримыг нь ойролцоох хотын эмнэлгүүд рүү яаралтай хүргэжээ.
Бейрут хотын боомт дахь агуулахад 2700 тонн аммонийн нитрат гэх бодисыг өнгөрсөн зургаан жилийн турш хадгалж байсан бөгөөд тус бодис дэлбэрчээ. Гэхдээ Ливаны ерөнхий сайд Хасан Диаб дэлбэрэлтийн шалтгааныг олж тогтоох тусгай комисс байгуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулах, дэлбэрэлтийн шалтгааныг тогтооход 48 цагийн хугацаа өгчээ.
Бейрут хотын захирагч тус дэлбэрэлтийг Японы Хирошима болон Нагасаки хотуудад болсон атомын бөмбөгийн дэлбэрэлттэй адил гэж зүйрлэв. Энэ сарын 5-нд буюу өнөөдөр Ливан улс даяар гашуудлын өдөр хэмээн зарлажээ.
Маш хүчтэй дэлбэрэлтийн улмаас олон барилга байгууламжийн гадна фасад нуран унаж, байшин барилгууд сүйджээ. Мөн тус бүс нутагт ойролцоо байрлах хэд хэдэн элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газар дэлбэрэлтэд өртсөн байна.