Таван өдрийн дотор ослоор 12 хүн гэмтэж, долоон хүн нас баржээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст энэ сарын 26-30-ны өдрүүдэд  нийт 884 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 576 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж, долоон хүний амь нас хохирчээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

Долдугаар сарын 26-ны өдөр 22.00 цагийн орчимд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Бяцхан булаг  гэх газарт шороон замд Kia-Bongo маркийн автомашины жолооч Э нь явган  зорчигч, 50 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироожээ.

Мөн энэ  сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын есдүгээр  баг хээтэй хорооллын 4/3 дугаар байрны арын асфальтан замд Toyota-Prius маркийн автомашины жолооч Б нь явган  зорчигч, зургаан настай, эмэгтэй хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон байна.

Мөн алба хаагчдын хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 81 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон  таван хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.