Эрчим хүчний яамны удирдлагууд “УБЦТС” ТӨХК-ийн үйл ажиллагаа болон өвлийн бэлтгэл хангах ажилтай танилцлаа. Ажлын хүрээнд эрчим хүчний сайд Н.Тавинбэх, сайдын зөвлөх П.Товуудорж, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Насантогтох болон бусад албаны хүмүүс байлцжээ.
“УБЦТС” ТӨХК нийслэлийн 8 дүүрэг, Төв аймгийн 16 сумын иргэдэд 0,4-35 кВ-ын хүчдэлийн түвшний цахилгаан эрчим хүчийг түгээж, хангах үндсэн үүрэгтэй. Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний сүлжээний худалдан авсан цахилгаан, эрчим хүчний 50 орчим хувийн түгээлт, борлуулалтыг хийж гүйцэтгэдэг.
Эхний хагас жилийн байдлаар 1,675.3 сая кВт/цаг цахилгаан эрчим хүч худалдаж авахаас 1,553.6 сая кВт/цагийг худалдан авч, төлөвлөгөөг /12.06%/ алдагдлыг 10.69%-д хүргэн ажиллажээ. Дэлхий дахинд үүссэн “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлаас улбаатай Улсын онцгой комисс /УОК/-ын шийдвэрээр аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа бүрэн зогссон, хязгаарлагдсантай холбоотой цахилгаан эрчим хүчний хэрэглээ төлөвлөснөөс 121.7 сая кВт/цагаар буюу 7.8%-иар, нийт орлого 17,318.3 сая төгрөгөөр буюу 7%-иар тус тус буурсан байна.
2020 оны зургаадугаар сарын байдлаар компанийн хэмжээнд нийт 418,621 ширхэг тоолуур болон 12,800 ширхэг гүйдлийн трансформатор бүртгэлтэй байна.
Жилд дунджаар 4,168 хэрэглэгчийн өргөдөл гомдлыг хүлээн авч бүрэн шийдвэрлэж байгаа бөгөөд эхний хагас жилийн байдлаар гомдлыг 21.8%-аар бууруулан ажиллаж байна.
Техникийн нөхцөлийн хүсэлт жилд дунджаар 4,667 ирдэг бөгөөд 3,735 буюу 80%-ийг шийдвэрлэж байна. Хүсэлтийн тоо дунджаар 33%-аар өсжээ. Ирүүлсэн хүсэлтийн 50 гаруй хувийг ахуйн халаалтын зориулалттай хүсэлт эзэлж байна.
2020 оны их засвар, хөрөнгө оруулалт, ТЗБАХ-ний төлөвлөгөөгөөр 116 нэр төрлийн 13,918.4 сая төгрөгний ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн. 2020 оны долдугаар 27-ны өдрийн байдлаар 53.4%-ийн гүйцэтгэлтэй байна. Өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор НОБГ-ын 13/404 тоот, ДҮТ-ийн 02/236 тоот, УБЗАА-ны 1/897 дугаар албан бичгээр ирсэн зөвлөмжийн дагуу хэрэглэгчийн хүчдэл таслах боломжгүй байснаас төлөвлөгөөт ажил тодорхой хугацаагаар хойшилжээ.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өвөлжилтийн бэлтгэх хангах ажлыг 2020 оны аравдугаар сарын 15-ны өдөр гэхэд дуусгах, “Ковид-19” цар тахлын үед хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмнэлэг /ХӨСҮТ/, тусгаарлах байруудын цахилгаан хангамжийн найдвартай байдалд онцгой анхаарч ажиллах, цаашид түр тусгаарлах байруудын тоо нэмэгдэхтэй холбоотойгоор УОК-тай тогтмол хамтарч ажиллах, үйлдвэрлэлийн осолгүй ажиллахад урьдчилан сэргийлэх арга хэмжээ тогтмол авч ажиллах, боловсон хүчнийг мэргэжлийн байлгах тал дээр анхаарах, өр авлага барагдуулах талаар тууштай ажиллах, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахаар ажиллаж буй сайжруулсан шахмал түлшний үйлдвэрүүдийн цахилгаан хангамж болон шинээр баригдаж буй үйлдвэрийн гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж ажиллах, складын үлдэгдлийг бууруулах тал дээр тус тус анхаарч ажиллахыг үүрэгдлээ.