Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл манай улсын хүн амын дунд коронавирусийн халдвар гараагүйг албан ёсоор дахин мэдэгдлээ.
Тэрбээр "Өнгөрсөн өвөл өндөр халуурах шинж тэмдэгтэй томуугаар олон хүн өвчилсөн. Үүнийг зарим иргэн коронавирусийн халдвар байсан байж болзошгүй гэж таамгаар ярьж байгаад тайлбар өгөхгүй юу?" гэсэн сэтгүүлчийн асуултад хариулсан юм.
Д.Нарангэрэл "Олон тандалт судалгаагаар манай улсын хүн амын дунд одоогоор шинэ төрлийн коронавирус буюу COVID-19 халдвар гараагүй. Өнгөрсөн өвөл буюу 2019 оны арав, арваннэгдүгээр сард томуугийн ханиад байсан бөгөөд тэдгээр нь томуугийн А хүрээний Н1, В вирус болон улиралын томуу үүсгэгч энгийн коронавирусийн халдвар байсан юм.
Бид жил бүр томуугийн лабораторид тандалт судалгаа хийдэг. АНУ-ын СDC-ийн тусламжтайгаар байгуулсан томуугийн харуулдан тандалт нь халдварт өвчний тандалт дотроо хамгийн сайн нь бөгөөд дэлхийд үнэлэгддэг зүйл.
Тиймээс өнгөрсөн өвөл манай улсын хүн амын дунд шинэ коронавирусийн халдвар гараагүй гэдгийг баттай хэлж чадна" гэв.