Тусгаарлалтад байсан хоёр хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 291 боллоо

Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр ХӨСҮТ-өөс коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээллийг өглөө. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "2020 оны 7 дугаар сарын 28-нд ХӨСҮТ, Дархан-Уул, ЗӨСҮТ-д 630 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Үүнээс 628 хүний сорьцод халдвар илрээгүй. Хоёр хүний давтан шинжилгээний сорьцоос коронавирус илэрлээ. Энэ хоёр хүн нь тусгаарлалт, ажиглалтад байсан 50, 14 настай эмэгтэй хүмүүс. 

Шинжилгээнд хамрагдсан хүмүүс:

7 дугаар сарын 10-нд Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн 258 хүний 3 дахь давтан шинжилгээ

7 дугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 262 хүний шинжилгээ

ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүний давтан шинжилгээ

Тандалтын зорилгоор түүврийн аргаар сонгосон 11 хүний сорьц /Хан-Уул, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн сорьцоос сонгон авсан/

Ажиглах байранд тусгаарлагдсан 60 хүний сорьц

Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 26 жолоочийн сорьц

Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 3 хүний давтан шинжилгээ

Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хянагдаж байгаа 5 хүний давтан шинжилгээг хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.

Ингээд Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 291 болж, үүнээс 225 хүнийг эдгэрүүлж дараа, дараагийн шатны эмчилгээнд шилжүүлсэн байна.  Эмчилгээнд 66 хүн байгаагаас 62 нь хөнгөн, 4 хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Өнөөдөр гурван хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжлээ. 21 настай эрэгтэй, 22 настай эмэгтэй, 22 настай эрэгтэй гурван хүн 16 хоног эмчлэгдээд дараагийн шат руу шилжсэн байна.

Төр засгаас гаргаж буй оновчтой шийдвэрүүдийг төрийн байгууллагууд хэрэгжүүлж байна. Үүний хамгийн гол хамтрагч ард иргэд байна. Иймд бие биедээ шаардлага тавьж, зөвлөгөө өгч, сануулах, бие биенийхээ зөвлөгөөг хүлээж авах зэргээр хамтдаа цаашаа явж, халдварыг дотооддоо тараахгүй байхын төлөө байя" гэв.