Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр ХӨСҮТ-өөс коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээллийг өглөө.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Долдугаар сарын 27-ны өдөр дөрвөн лабораторид нийт 686 хүний сорьцод шинжилгээ хийхэд 685 хүний сорьцод коронавирус илрээгүй. Харин нэг хүний сорьцод коронавирус илэрлээ. Халдвар илэрсэн иргэн өчигдөр Франкфурт- Улаанбаатарын онгоцоор ирсэн.
Өнөөдөр дөрвөн хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалт руу шилжиж байна. Эдгэрсэн хүмүүсийн талаар мэдээлэл өгье. 33 настай эрэгтэй, Беларус улсын иргэн 66 настай эрэгтэй, ОХУ-ын иргэн 20 настай эмэгтэй, мөн нэг ОХУ-ын иргэн эдгэрлээ.
Ингээд батлагдсан тохиолдол 289 болсноос 222 хүн эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 67 хүний биеийн байдлыг үнэлбэл, 62 нь хөнгөн, 5 нь хүндэвтэр байна.
"Лаборатори хөндлөнгийн хяналтад хамрагдаж байгаа"
Бид лабораторийн хөндлөнгийн хяналтад хамрагддаг бөгөөд COVID-19 халдварыг илрүүлэх шинжилгээний явцдаа хяналт хийлгэж байгаа. Хонг Конгоос эерэг, сөрөг нь мэдэгдэхгүй 16 сорьц ирсэн. Бид шинжлээд хариуг нь илгээнэ. Ингээд хяналтын лаборатори бидний хариуг тулгаж үзээд хариу өгнө. Ер нь томуу бусад халдварт өвчнийг илрүүлэх явцдаа байнга гаднаас хяналт авдаг. Австрали, Японы лабораториуд хөндлөнгийн хяналт хийж явдаг" гэв.