Тарваган тахлын нөхцөл хүндэрч байгаа энэ үед иргэд сэрэмжтэй байх хэрэгтэйг НБОГ-ын Амьтны эмч Г.Цэрэнноров өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр анхааруулав.
Тэрбээр “Нийслэлийн байгаль орчны газраас зэрлэг амьтан осолдож, бэртсэн дуудлагыг хүлээн авч, эмчлэн байгальд нь буцаан тавьдаг.
Сүүлийн үед манайд амьтантай холбоотой 15 удаагийн дуудлага ирсэн байна.
Нийслэлийн Байгаль орчны газраас тарваган тахал өвчин гарсантай холбоотойгоор хууль бус ан агнуурт хяналт тавихын зэрэгцээ иргэдэд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж зөвлөгөө өгөн ажиллаж буй.
Ойрын өдрүүдэд нийслэлийн ногоон бүсэд л гэхэд үхсэн тарваганы хоёр удаагийн дуудлага ирсэн. Азаар шинжилгээгээр тухайн тарвагануудаас ноцтой зүйл илрээгүй.
Гэхдээ иргэд амьдралынх нь эрчим нь муудсан эсвэл үхсэн тарвага руу ойртолгүй, шууд мэргэжлийн байгууллагад хандах хэрэгтэй.
Мөн тарваганы түүхий эдийг эмчилгээний зориулалтаар хэрэглэхийг таслан зогсоохыг анхааруулж байна” гэв.