С.Баярцогтын эрх мэдлээ урвуулан ашигласан, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйлдэлд шүүхээс ял оноосон

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох эрүүгийн хэргийг зургаан өдөр хэлэлцэж шийдвэрээ гаргасан. Шүүхийн шийдвэрийн талаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Н.Гэрэлтуяагаас тодрууллаа.

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Баярцогт нарт холбогдох хэргийг хэлэлцэж, ял оноосон. Иргэд яг ямар үндэслэлээр ял өгснийг тодорхой ойлгохгүй байх шиг. Тийм ч учраас нийгэмд талцал үүсээд байна. Ямар үндэслэлээр ял оноосон талаар тодруулж мэдээлэл өгөхгүй юү?

-Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан. Улмаар 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр шийдвэрээ гаргасан. Уг хэрэг олон оролцогчтой, ээдрээ төвөгтэй учраас шүүгдэгч нэр бүрээр мэдээлэл өгч ойлголтын зөрүүг арилгах нь зөв байх. Харин шүүхийн шийдвэрийг тайлбарлах боломжгүйг та бүхэн ойлгож хүлээн авна гэж итгэж байна. 

-Шүүх хуралдаан хэд, хэдэн удаа хойшилсон. Ямар үндэслэлээр хойшилж байсан бэ?

- Шүүх хэргийг хүлээн авсан өдрөөс хойш шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаан нийт 5 удаа хойшилсон. 

-С.Баярцогтын үйлдсэн гэх албан тушаалын хэргээс мэдээллээ эхлэх үү?

-Шүүгдэгч С.Баярцогтод хэд хэдэн үндэслэлээр ял оноосон. Тэрбээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 73 дугаар захирамжаар баталсан "Оюутолгой” ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажилласан байдаг. Ингэхдээ албан тушаалын байдлаа урвуулан, албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглаж оффшор бүсэд буюу Бахамас /Ваhamas/ аралд үүсгэн байгуулсан Эн Ди Хармони /ND Harmony LDT/ компанийн Швейцарын Холбооны Улсын “Кредит Свисс Ай Жи” банк дахь данснаас гүйлгээ хийж 2009 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “Айвенхоу Майнз” компанийн 150,000 /зуун тавин мянга/ ширхэг хувьцааг 1,393,321.38 /нэг сая гурван зуун ерэн гурван мянга гурван зуун хорин нэгэн ам.доллар гучин найман цент/ ам.доллар буюу 2,016,749,098.26 /хоёр тэрбум арван зургаан сая долоон зуун дөчин есөн мянга ерэн найман төгрөг хорин зургаан мөнгө/ төгрөгөөр худалдан авч Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж шүүх үзсэн.

Мөн албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглаж өөрийн гэр бүлийн гишүүн буюу эхнэрийнхээ 50 хувийн хувьцаа эзэмшдэг компани болох “Кью Эф Эс” ХХК-ийг “Оюу толгой” ХХК-тай 2010 оноос 2012 онуудад Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Ханбогд болон Өмнөд кэмпэд ажил үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж 43,225,152,952 төгрөгийн, 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нэрээ өөрчлөн “Номадс катеринг энд интегратед сервисис” ХХК-аар 20,736,000,732 төгрөгийн бүгд 63,961,153,685.23 төгрөгийн орлого олж Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан хэрэгт яллагдаж, анхан шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон. 

-Мөнгө угаасан гэх хэрэг яригдаад байсан?

-Тийм. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн улмаас олсон хувьцаа буюу сая дурдсан 150,000 ширхэг хувьцааг 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулагдаж,  гэрээ хүчин төгөлдөр болсны дараа, 2010 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 2,739,197.49 /хоёр сая долоон зуун гучин есөн мянга нэг зуун ерэн долоон ам.доллар, дөчин есөн цент/ ам.доллар буюу 3,838,903,106.31 /гурван тэрбум найман зуун гучин найман сая есөн зуун гурван мянга нэг зуун зургаан төгрөг гучин нэгэн мөнгө/ төгрөгөөр худалдаж, 1,345,876.11 /нэг сая гурван зуун дөчин таван мянга найман зуун далан зургаан ам.доллар, арван нэгэн цент/ ам.доллар буюу 1,886,204,991.88 /нэг тэрбум найман зуун наян зургаан сая хоёр зуун дөрвөн мянга есөн зуун ерэн нэгэн төгрөг наян найман мөнгө/ төгрөгийн ашиг олсон.

Уг мөнгөнөөс 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ ам.доллар буюу 1,687,584,000 /нэг тэрбум зургаан зуун наян долоон сая таван зуун наян дөрвөн мянга/ төгрөгийг оффшор бүсэд үүсгэн байгуулсан “ND Harmony LDT” компанийн Швейцарын Холбооны Улсын “Кредит Свисс Ай Жи” банк дахь данснаас 2010 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсад бүртгэлтэй “Ийстерн металс” ХХК-ийн Голомт банк дахь 8115002953 дугаартай дансаар дамжуулан хүлээн авч одоог хүртэл ашиглан мөнгө угаасан нь тогтоогдсон. 

-Их хэмжээний хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй гэж байгаа. Энэ нь ямар учиртай юм бэ?

- С.Баярцогт нь 2004 оноос 2016 онд Улсын Их Хурлын гишүүн, 2004 оноос 2006 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, 2008 оноос 2012 онд Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байхдаа хууль ёсны орлогоосоо гадна, доторх тавилгын хамт 852.880.691 төгрөгийн үнэлгээтэй, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамжинд байрлах, 362,98 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Д гэх хүний нэр дээр эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авч, хөрөнгө орлогоо нуусан,

Мөн С.Баярцогтын нэр дээрх Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан гудамж, Белла виста хотхоны Таун хаусд байрлах орон сууц, авто зогсоолын зориулалттай 1,468,885,290  төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгө, түүний хүүхдийн нэр дээр бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Белла виста хотхоны 300 дугаар байранд байрлах орон сууц, авто зогсоолын зориулалттай 1,102,863,11 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг тус тус өөрийн хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхээс ял оноосон байна. 

- Ял оноосноос гадна хөрөнгө хураах шийтгэл ноогдуулсан гэж ойлгосон.  

- Мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж, хувьцаа худалдан авч, зарснаас олсон мөнгөнөөс 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ ам доллар буюу 1,687,584,000 /нэг тэрбум зургаан зуун наян долоон сая таван зуун наян дөрвөн мянга/ төгрөг, 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжиж бий болсон хөрөнгө буюу иргэн Д-ын нэр дээр бүртгэлтэй, 852,880,691 төгрөгийн үнэлгээ бүхий, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамжинд  байрлах 362,98 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө,

С.Баярцогтын нэр дээр бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан гудамж, Белла виста хотхоны Таунхаусд байрлах орон сууц, авто зогсоолын зориулалттай, 1,468,885,290 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгө,

Түүний хүүхдийн нэр дээр бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Белла виста хотхоны 300 дугаар байранд байрлах орон сууц, авто зогсоолын зориулалттай 1,102,863,11 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгийг тус тус хурааж, улсын орлого болгож шийдвэрлэсэн. 

-Дээрх гэмт хэргүүдийг нэгтгэж хорих ялыг оноосон уу?

-Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэлд нь тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял, мөнгө угаах гэмт хэрэгт 3 жил хорих ял, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 2  жилийн хугацаагаар хасаж 3  жилийн хугацаагаар хорих ялаар  тус тус шийтгэсэн. 
Дээрх хорих ялуудыг тус бүр нэмж нэгтгэн шүүхээс шүүгдэгч С.Баярцогтод нийт 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна. 

-Тэгвэл Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, тус байгууллагын газрын даргаар ажиллаж байсан Б.Бадрал нарт ямар үндэслэлээр ял оноосон бэ?

- Шүүгдэгч Б.Ариунсан нь Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа,  шүүгдэгч Б.Бадрал нь Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын даргаар тус тус ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,  Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ажлын хэсгийн гишүүн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нартай бүлэглэн 406.50 тэрбум төгрөгийн татварыг аваагүй үйлдэлд яллагдсан. 

Мөн Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийг биелүүлэх ажлын хүрээнд Ч.Сайханбилэгийн өгсөн чиглэлийн дагуу Ажлын хэсгийн гишүүн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд болон Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан, Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадрал нар нь “Оюу толгой” ХХК-иас татварын асуудалтай холбогдуулан ирүүлсэн хүсэлтэд албан бичгийн төслийг боловсруулан Татварын Ерөнхий газрын дарга Б.Ариунсангаар гарын үсэг зуруулж, Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар “Оюу толгой” ХХК-нд 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01/1352 тоот албан бичгээр “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 болон Засгийн газрын 2009 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 288 дугаар тогтоолын дагуу элэгдэл байгуулах үндсэн хөрөнгөнд Хөрөнгө оруулагчийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл оруулсан хөрөнгө оруулалтын 10 хувьтай тэнцэх татварын хөнгөлөлтийг эдэлнэ” гэсэн хариу хүргүүлсэн нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан татварын үйл ажиллагаанд баримтлах зарчмыг зөрчсөн бөгөөд Баяжуулах үйлдвэр 2012 онд ашиглалтад орж, 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин чадлаараа бүрэн ажиллаж эхэлсээр байтал үйлдвэрлэлийн барилгын ажлыг гүйцэтгэж дуусах хугацааг 2017 он хүртэл хойшлуулсны улмаас татварын хөнгөлөлтийг 203.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн,

Цаашлаад  Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн Шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 122 дугаартай тогтоолоор эцэслэн тогтоосон шийдвэрийг тус тус зөрчсөнөөс Хөрөнгө оруулалтын гэрээний 2.8 дахь заалтын дагуу Монгол Улсад оршин суугч бус этгээдүүдээс 281.7 тэрбум төгрөгийн татварыг суутгаагүйгээс “Оюутолгой” ХХК-д давуу байдал бий болгон Монгол Улсад орж ирэх боломжтой байсан татвар, татвар ногдох орлогыг бууруулсан, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулахаас гадна төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөний улмаас хүнд хор уршиг учруулсан хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. 

Дээрх төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэлд нь шүүгдэгч Б.Бадралд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2  жилийн хугацаагаар хасаж  1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Ариунсанд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсэн. 

-“Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал асан Б.Бямбасайхан ямар гэмт хэрэг үйлдсэн юм бэ?

-Шүүгдэгч Б.Бямбасайхан нь 2015 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн шийдвэрээр Оюу толгойн ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбогдуулан хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан, улмаар Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж баталгаажуулснаар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт яллагдаж, шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн гарын үсэг зурах эрх олгосны дагуу Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Д.Ганболд нар гарын үсэг зурж баталгаажуулсан Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөгөөр 1,915.25 тэрбум төгрөг,  850.5 тэрбум төгрөг, 341.3 тэрбум төгрөг, 487.90 тэрбум төгрөг, 107.70 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогыг тус тус бууруулсан. 

Мөн дээр дурдсан “Оюутолгой” ХХК-д давуу байдал бий болгон Монгол Улсад орж ирэх боломжтой байсан татвар, татвар ногдох орлогыг бууруулсан, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулахаас гадна төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөний улмаас хүнд хор уршиг учруулсан хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4  жилийн хугацаагаар хорих ял оноосон. 

С.Баяр нарт холбогдох шүүх хуралдааныг 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр товлосон

-“Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал асан Д.Ганболд мөн дээрх хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар оролцсон уу?

-Шүүгдэгч Д.Ганболд нь 2015 онд “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Монгол Улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн шийдвэрээр “Оюу толгойн ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбогдуулан хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан, улмаар Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж баталгаажуулснаар “Оюутолгой” ХХК-д давуу байдал бий болгон Монгол Улсад орж ирэх боломжтой байсан татвар, татвар ногдох орлогыг бууруулсан, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулахаас гадна төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөний улмаас хүнд хор уршиг учруулсан хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Анхан шатны шүүхээс түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн. 

-Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хаана эдлүүлэх вэ?

-Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүхээс шийдвэрлэсэн.  

-С.Баяр энэ хэрэгт яллагдаж байгаад шүүгдээгүй. Ямар учиртай юм бэ? 

-Уг хэргийн шүүх хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр эхэлсэн. Шүүх хуралдааны эхний өдөр С.Баярын өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Ч.Давааням, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат нар нь шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдаанд ирээгүй. Тиймээс шүүхээс шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарын хэргийг тусгаарлаж, шүүх хуралдааны товыг жич зарлахаар болсон. Шүүх хуралдааныг 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр товлосон байна. 

-Баярлалаа.