Эрүүл мэндийн байгууллагынхаа зөвлөмжийг хэрэгжүүлэхээс эрс татгалзаж байсан АНУ-ын ерөнхийлөгч долдугаар сарын 11-ний өдөр анх удаа олон нийтийн өмнө амны хаалттай үзэгдсэн билээ.
Тус улсын коронавирусийн цар тахалтай тэмцэх төв дөрөвдүгээр сарын 3-нд анх амны хаалт зүүхийг албан ёсны зөвлөмждөө нэмсэн юм.
Харин Дональд Трамп амны хаалт зүүхийг сул доройн шинж гэж үзэж, зөвлөмжийг дагасан улс төрийн өрсөлдөгчөө элэглэн шоолж байжээ.
Тэгвэл тэр өчигдөр твиттер хуудсандаа өөрийн амны хаалт зүүсэн зургийг нийтлээд үүнийгээ “эх оронч” үйлдэл гэж магтсан байна.
“Бид үл үзэгдэх Хятад Вирустэй тэмцэх үйлсэд хүчээ нэгтгэж байна. Нийтийн дунд орохдоо амны хаалт зүүхийг олон хүн Эх оронч үйлдэл гэж үздэг. Та бүхний хайртай ерөнхийлөгч, надаас илүү эх оронч хүн байхгүй билээ!” гэсэн утгатай тайлбарыг Трамп бичжээ.
АНУ-ын баруун болон өмнөд мужуудад коронавирусийн халдварын хоёр дахь давалгаа эхэлж, тэдгээрийн дотор Бүгд Найрамдах намын гол түшиц мужууд багтсан нь Трампыг байр сууриа өөрчлөхөөс өөр аргагүйд хүргэсэн гэж ажиглагчид үзэж байна.