А.Амбасэлмаа: Эдгэрсэн хүнээс дахин вирус илрэх тохиолдол манай улсад ч гарч байна

Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүнээс дахин вирус илэрч байгаа тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хэллээ. Тэрбээр “Эдгэрсэн хүн 30,40 хоногийн дараа эргээд вирус ялгаруулах тохиолдол дэлхийн улс, орнуудад олон гарч буй. Ийм асуудал манай улсад ч тохиолдож байна.

Тийм ч учраас бид 40-60 хоног эмчлэгдээд эдгэрсэн хүнээс 4, 5 удаагийн шинжилгээ авч, хариу нь сөрөг гарсан бол эмнэлгээс гаргаж буй. Дараа нь дахин 14 хоног сувилалд тусгаарлаж байгаа.

Эдгэрсэн хүмүүс дахин халдвар тараана, тараахгүй гэдгийг дэлхий нийт одоогоор тайлж чадаагүй байна. Үүнийг иргэд маш зөвөөр ойлгох хэрэгтэй.

Бид эдгэрсэн хэрнээ дараа нь давтан шинжилгээнээс нь вирус илэрч буй хүмүүсийг ажиглан тандаж, давтан шинжилгээнүүдийг байнга авч буй бөгөөд ард иргэдийнхээ дунд энэ халдварыг алдахгүйн тулд халдвар судлалынхаа заалтаар ажиллаж байна” гэсэн юм.