Аялж явахдаа тарваганы мах идсэн иргэн ХӨСҮТ-д тусгаарлагджээ

Улсын хэмжээнд он гарснаас хойш тарваган тахлын сэжигтэй 6, батлагдсан 3 тохиолдол, 1 нас баралт бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар Монгол улсад нийтдээ 17 аймгийн 137 суманд тарваган тахлын голомт байна. Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлд  тавьж буй хяналт шалгалтын талаар холбогдох албаны хүмүүс өнөөдөр /2020.07.20/ мэдээлэл хийлээ.

ТАРВАГАНЫ МАХ ИДСЭНЭЭ НУУН ОНОШОО ТӨӨРӨГДҮҮЛЖ БОЛОХГҮЙ

Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлсээр байгаа ч тарваганы мах идэх, хууль бусаар агнах тохиолдол гарсаар байгааг ЗӨСҮТ-өөс анхааруулав. Тус төвийн мэдээлснээр Ховд аймгийн Үенч, Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд, Булган аймгийн Хишиг өндөр суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол  бүртгэгдэж байгаа аж. Тухайлбал,  өчигдөр дахин тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал, Булган аймгийн Хишиг өндөр суманд тарваганы мах идсэн иргэн  замдаа цайны газраар орж Улаанбаатар хотод ирснийхээ дараа нь 103-т дуудлага өгч ХӨСҮТ-д тусгаарлагджээ.  Тус төвийн мэдээлснээр зэрлэг амьтнаас өвчлөл тархах өндөр эрсдэлтэй гэдгийг анхааруулав.

Сүүлийн жилүүдэд гарч буй тарваганы мах агнасан тохиолдлууд хүнсэнд хэрэглэхээс гадна эмчилгээний зориулалтаар ашиглаж байгаад амь насаа алдсан тохиолдол олон бүртгэгдснийг анхааруулав. Тиймээс иргэд  тарваганы мах идсэн бол  нууж, оношоо төөрөгдүүлэхгүй байхыг ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах сэрэмжлүүллээ. Тэрбээр "Тарваганы мах идсэнээ нуун, оношоо төөрөгдүүлж, эмнэлгийн ажилтнуудыг эрсдэлд оруулсан тохиолдол гарсан. Иргэд хайхрамжгүй байдлаасаа болж тарваган тахлаар өвдөж байна. Улмаар эрүүл мэнд, амь насаараа хохирч байна. Тарваган тахлын эрсдэлд өртсөн тохиолдлууд илэрч байна.Тарваганы махыг  хүнсэнд хэрэглэхээс гадна  эрүүл мэндэд сайн гэх ташаа мэдээлэлд итгэж болохгүй" гэлээ.