Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын уран бүсгүйчүүд ажлын бус цагаараа 320 ширхэг амны хаалт оёж, өндөржүүлсэн бэлэн байдлын үед онцгой үүрэгтэй ажиллаж байгаа Гэрээт цагдаагийн хэлтсийн алба хаагчдад бэлэглэлээ. Бүсгүйчүүдийн төлөөлөл, цехийн удирдлагын хамтаар өнөөдөр Гэрээт цагдаагийн хэлтсийн байранд очиж, амны хаалтаа гардуулан өгсөн юм. Тооцооны инженер Буяндэлгэрийн санаачилгаар хэрэгжүүлсэн энэхүү сайн үйлсийн аянд Дулааны цахилгаан станцын бүх бүсгүйчүүд нэгдэж, ажил хэрэг болгожээ. Тэд “Ариутгалд оруулсан амны хаалт зөв цагтаа, хэрэгтэй газартаа хүрч байгаа нь сайхан байна” хэмээн сэтгэлийн үгсээ хэлж байлаа. Гэрээт цагдаагийн хэлтсийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах байцаагч, хошууч Т.Хатанбаатар эрсдэлтэй өндөртэй нөхцөлд ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдад амны хаалт маш чухал байдгийг онцлоод стандартын дагуу тогтмол сольж хэрэглэх даавуун амны хаалт бэлэглэсэнд хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлсэн. Баялаг бүтээгч уурхайчид ийнхүү сайн үйлсийн аянд нэгдсээр байна.