Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Цутгуурын цехийн өргөтгөлийн явцтай танилцлаа

Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн өнөөдөр Засвар механикийн заводын Цутгуурын цехэд хийгдэж буй өргөтгөл шинэчлэлийн ажлын явцтай биечлэн танилцаж, заводын ажилтнуудтай уулзлаа.  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, өнгөрсөн 2019 оныг “Хөрөнгө оруулалтын жил” болгон зарлаж, олон том бүтээн байгуулалтыг ашиглалтад хүлээн авсан. Тэдгээрийн нэг нь Засвар механикийн заводын Цутгуурын цехийн техник технологийн шинэчлэл, өргөтгөлийн ажил юм.Цутгуурын цехийн өргөтгөлийг ирэх 5 дугаар сарын 1-ний өдөр ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж буй. Өргөтгөлийн шинэ технологийн автоматик тохируулга, угсралтын ажлыг гүйцэтгэх ёстой байсан Германы мэргэжилтнүүд “ковид-19” вирусын тархалттай холбоотой хорио цээрийн дэглэмийн улмаас ирж чадаагүй. Тиймээс энэ ажлыг заводын  инженерүүд өөрсдийн хүчээр дуусгахаар шамдаж, шаардлагатай үед Германы талтай цахимаар холбогдон мэргэжлийн зааварчилгаа авч, үргэлжлүүлж байгаа аж.

Өргөтгөлийн ажлын явц сайн байгааг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үгийнхээ эхэнд онцлов. Тэрээр тус  өргөтгөл, шинэчлэлийн үр ашгийн талаар “Цутгуурын цехэд энэхүү техник технологийн шинэчлэл хийгдсэнээр тус заводын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шинжлэх ухаан, технологийн том дэвшил гарна. Үйлдвэрлэлийн бүтээмж дээшилж, бүтээгдэхүүний чанар илүү сайжирна. Өртөг зардал ч буурах боломж бүрдэнэ. Цаашид ч, Засвар механикийн заводад үе шаттай өргөтгөл шинэчлэл хийнэ. Үүний үр дүнд тус завод зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн төдийгүй уул уурхай болоод ХАА зэрэг бусад салбарт ч эрэлт хэрэгцээтэй импорт орлох тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэн нийлүүлэх алхам болж байна. Цутгуурын цехийн өргөтгөлийн үр дүнд орон зай, талбай болон техник тоног төхөөрөмжийн  хувьд ч илүү оновчтой, харьцуулалтгүй шинэчлэгдлээ. Цутгуурын хэсгийн хэв гэдэг бол сэлбэг материал, эд анги үйлдвэрлэх гол хэсэг. Энэ чухал дамжлага амжилттай хийгдлээ. Ингэснээр, Засвар механикийн завод шинэчлэл өөрчлөлтийн тодорхой алхам хийж, цаашид илүү хурдтай, бүтээмжтэй ажиллах хөгжлийн боломж бүрдэж байна” гэж ярьсан юм. Мөн энэ үеэр, өргөтгөлийн ажлыг гүйцэтгэж буй заводын ажилтнуудтай уулзаж, гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар асууж ярилцахын зэрэгцээ хэдийгээр корона вирусын тархалт нь эдийн засгийн сөрөг нөлөө үзүүлж буй ч Эрдэнэт үйлдвэр бүтээн байгуулалтын ажлуудаа тасралтгүй үргэлжлүүлнэ гэсэн юм.