Гармын гэмтлийг шуурхай засварлаж, зардал хэмнэлээ

“Комбинат”, “Эрдэнэт” өртөөг холбодог гол гармын авто замтай огтлолцсон хэсэгт зам төмөр тасарсныг өнгөрсөн долоо хоногт Тээвэр ложистикийн төвийнхөн  заслаа. Уг гэмтлийг Зам засварын Ө.Буянхишиг мастертай 12 замчин уртасгасан цагаар ажиллаж засварлав. Энэ хүрээнд 25 м-ийн урттай хоёр зам төмөр, 50 дэр модыг сольжээ. Түүнчлэн энэ орчны үерийн усны суваг шуудуу сэргээх, авто замд   хурд сааруулагч хийх ажлыг Барилга засварын цехийн ажилчид гүйцэтгэлээ. Энэ үеэр гарам хааж, хөдөлгөөнийг 24 цаг зогсоосон бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн төмөр замын тээврийг хэвийн явуулахын тулд тус төвийн хоёр илчит тэрэг “Комбинат”, “Эрдэнэт” өртөөн дээр ажиллаж, салбар замууд руу ачаа тээвэрлэсэн байна. Авто замыг 72 цаг хааж, ирэх мягмар гарагийн 08 цагт нээхээр болжээ. Энэ ажилд замчдаас гадна Барилга засварын цех, Автотээврийн цехийн хүн хүч, техник ажиллалаа.  40 гаруй жил ашиглахдаа гармын энэ хэсгийг  засаж  байгаагүй бөгөөд 2021 онд засварлахаар хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгасан байжээ. Ийнхүү авто замтай огтлолцсон төмөр замын гарамд гарсан томоохон гэмтлийг тус төвийнхөн богино хугацаанд өөрсдийн хүчээр засаж, ажилд оруулснаар багагүй хөрөнгө, мөнгө хэмнэв.