“Эрэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга ажилтай Б.Эрдэнэбат, “Эрэл” ХХК-ны хувьцаа эзэмшигч Д.Сэргэлэн нарт холбогдох гэм буруугийн шүүх хуралдааныг долдугаар сарын 24-ний өдрийн 13:30 цагт товлолоо.
Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нар нь 2016 оны 11 дүгээр сард компанидаа хөрөнгө оруулалт хийх нэрээр 20 тэрбум төгрөгийг “Номин холдинг” ХХК-иас залилан авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас “Эрэл” ХХК-ны ТУЗ-ийн дарга ажилтай Б.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь / Мөнгө угаах/ заалтад зааснаар / Мөнгө угаах/ гэмт хэрэгт,
“Эрэл” ХХК-ны хувьцаа эзэмшигч Д.Сэргэлэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Мөнгө угаах/ тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсан бөгөөд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг сунгасан байна.
2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 7 дугаар сарын 24-ны өдрийн 13.30 цагт товлосон гэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.