ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрээр “Долоодугаар сарын 15-нд нийт 184 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Шинжилгээг задалж хэлбэл, 7 сарын 2-нд Сөүлээс ирсэн 144 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 5 хүн, ХӨСҮТ-д Сөүлийн онгоцоор ирсэн 3 хүн, тандалтын зорилгоор 1 хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 31 жолоочийн сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.
Өнөөдөр 2 хүн эмчлэгдэн ХӨСҮТ-өөс гарч дараагийн шатлал руу шилжлээ. 5 сарын 29-нд ОХУ-аас ирсэн 20 настай эмэгтэй оюутан, 48 хоног эмчлэгдсэн. 30 настай эмэгтэй 34 хоног эмчлэгдэн гарлаа. Тэрээр 6 сард Нур Султанаас ирж онош батлагдсан, 34 хоног эмчлэгдээд гарлаа.
Монгол Улсад онош батлагдсан 261 тохиолдол байгаагаас 209 тохиолдол нь эдгэрсэн. ХӨСҮТ-д 52 хүн эмчилгээ. Биеийн байдлыг үнэлбэл 51 хүн хөнгөн, нэг хүн хүнд байна.
Өчигдөр Сөүлээс тусгай үүргийн онгоцоор 428 хүн ирсэн. Үүнээс 3 иргэнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан. Өнөөдөр сорьц цуглуулж шинжилгээ хийх ажил үргэлжилнэ” гэв.