Хөлдөөсөн бүтээгдэхүүний баглаа боодлоос коронавирусийн халдвар илэрчээ

БНХАУ-ын Эквадор улсаас импортолсон бүтээгдэхүүний гаднах хайрцгаас коронавирус илэрсэн тухай ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэв.

Тэрбээр хэлэхдээ "БНХАУ-ын Эквадор улсаас импортолсон хөлдөөсөн сам хорхойн гаднах баглаа болон хайрцагны гадаргуугаас шинэ коронавирус илэрсэн талаар тус улсын Гаалийн ерөнхий газрын Экспорт, импортын хүнсний аюулгүй байдлын хариуцсан товчооны дарга өчигдөр мэдэгджээ.

Түүний мэдээлснээр, сам хорхойн өөрийн дээжид нуклейн хүчлийн шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Зөвхөн баглаа боодлоос нь илэрсэн гэсэн байна.

Шинэ төрлийн коронавирусийг илрүүлэх зорилгоор БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас хүйтэн хэлхээнд байдаг бүх төрлийн хүнсний хөлдөөсөн бүтээгдэхүүнд нуклейн хүчлийн шинжилгээ хийдэг болсон.

Одоогийн байдлаар Хятад улс гадаадын мах үйлдвэрлэлийн 23 компанийн бүтээгдэхүүнийг импортлохоо зогсоогоод байгаа бөгөөд өчигдрөөс Эквадораас сам хорхой нийлүүлдэг дахин гурван компанийн бүтээгдэхүүнийг хүлээж авахгүй болсон талаар мэдээлжээ.

Мөн гуравдугаар сарын 12-ны өдрөөс хойш импортоор орж ирсэн сам хорхойг эргүүлэн татаж, устгал оруулахаар болсон байна" гэсэн юм.