“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхимийн дэд профессор Б.Хээрийнбаатар тэргүүтэй цахилгааны лабораторийн багш, оюутнууд аюулыг мэдрүүлэх 12 төрлийн төхөөрөмж хийж, туршилтаар суурилуулаад байна. Энэ нь өнгөрсөн 1 дүгээр сард ХАБЭА-н хэлтсээс хагас жилийн хугацаатай зарласан аюулыг мэдрүүлэх тоног төхөөрөмж хийх уралдааны хүрээнд хийгдсэн ажил юм. Уралдааны зорилго, үр дүнгийн талаар ХАБЭА-н хэлтсийн сайжруулалтын мэргэжилтэн Л.Батгэрэл ярихдаа “Өөрсдийн үлгэр дуурайллыг нэмэгдүүлэх, нөгөө талаас аюул эрсдэлийг арилгахад бодитой ажил хийх зорилгоор үйлдвэрийн удирдах болон инженер техникийн ажилтнуудын дунд хөдөлмөрийн аюулгүй байдлын амлалт авах үйл ажиллагааг зохион байгуулсан. Үүний хүрээнд, аюулыг мэдрүүлэх тоног төхөөрөмж хийх болзолт уралдаан зарлаж, эхний улирлын байдлаар ажлын явцтай танилцлаа. Өнөөдрийн байдлаар цехүүдийн хэмжээнд 18 тоног төхөөрөмж 50-100 хувийн биелэлттэй суурилагдсан байна. Эдгээрээс хамгийн өндөр түвшинд хэрэгжиж, үр дүнгээ өгч байгаа нь “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн багийнхны ажил боллоо” гэж дүгнэв.
Цахилгааны аюулыг мэдрүүлэх төхөөрөмжийг бодитоор хийнэ гэвэл үзүүлэн нь өөрөө аюултай болох талтай. Тиймээс бид бага хүчдэлээр, лед гэрэл ашиглан орлуулах аргаар хийсэн. Цаашид үргэлжлүүлэн туршиж, аюулыг мэдрүүлэх төхөөрөмжийн гарын авлага гаргана гэж дэд профессор Б.Хээрийнбаатар онцоллоо.