“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Уурхайчид нэгдүгээр улирлын үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө 100 давсан хувиар биелүүлсний үр дүнд санхүү, эдийн засгийн үзүүлэлт эерэг гарчээ. Хэдийгээр дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ огцом унаж, нэгдүгээр улирлын дунджаар, Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөснөөс даруй 5,9 хувиар бага байсан ч нийт борлуулалтын орлогын төлөвлөгөөг 1,7 хувь давуулан биелүүлсэн байна. Мөн зардлын төлөвлөлтийг 2,7 хувиар бууруулж ажилласнаар цэвэр ашгийн төлөвлөгөөг 28,2 хувиар давуулан биелүүлсэн амжилттай ажиллажээ. Түүнээс гадна үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн 3,9 хувиар өссөн байна.
Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа өнөөдөр хэвийн үргэлжилж байгаа ч цаашид нормчлогдсон материалын нийлүүлэлтийг яаравчлахгүй бол үйлдвэрлэл хязгаарлагдах дүр зураг ажиглагдаж байгааг Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон сануулсан. Түүнээс гадна Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Ил уурхайд Тэсрэх бодисын үйлдвэр барих, Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх, усны шугам хоолой шинэчлэх ажлыг эрчимжүүлэх, уусган баяжуулах технологиор исэлдсэн хүдэр боловсруулах, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барих төслийн ажилд ахиц гаргахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгов.