Хаврын улаан шороо тэнгэрт хуйсганасан энэ өдөр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн хамтарсан ажлын хэсэг үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн талбайд очиж, цагаан тоосны дэгдэлтийг бууруулах чиглэлээр хийсэн ажлынхаа үр дүнг шалгалаа. Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэр, Орхон аймгийн хамтын ажиллагааны хүрээнд “Цагаан тоос” дэд хөтөлбөрийг боловсруулж, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид баталсан. Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн 2098 га талбайн 1437 га нь хуурай бөгөөд үлдсэн га талбай нь цагаан тоос дэгддэг идэвхтэй бүсээр нэрлэгддэг. Улмаар цагаан тоосны туршилтыг бодитоор хэрэгжүүлэх ажил өнгөрсөн намраас эхэлж, Баяжуулах үйлдвэрийн Цагаан тоосны алба өвлөөс урьтан нийт талбайн 80 хувийг 3 төрлийн аргаар даржээ.
Хавар, намрын улиралд хуурайшилтаас үүдэн дэгддэг цагаан тоос өнөөдрийн шалгалтын явцад дэгдээгүй гэж албаныхан дүгнэлээ. Орхон аймгийн БОАЖГ-ын дарга С.Жаргалсайхан, “Аймгийн ИТХ-ын даргын үүрэг даалгавраар бид өнөөдөр цагаан тоосны бүсэд ажиллалаа. Улаантолгой талаас хаврын шороо боссон байна. Цагаан тоосны дэгдэлт арай өөр харагддаг. Бодит үр дүн харагдаж байна” хэмээсэн. Харин үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, тодорхой хугацаанд хүч, хөрөнгө, цаг зав зарцуулсан ажлаа үр дүнтэй болсныг харлаа. Үр дүнг шалгадаг үе нь хуурайшилттай, тоостой хаврын улирал байдаг. Цаашид Хаягдлын аж ахуйн дутуу орхигдсон талбайг гүйцээж дарах ажлыг зохион байгуулна гэв. Хур багатай, хуурайшилт ихтэй энэ үед ч цагаан тоосны бүсэд амьдарч байгаа иргэдийн ая тухтай байдлыг хангахаар Цагаан тоосны албаныхан ажилласаар байна.