“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, цех, нэгжийн удирдлагууд цаг үеийн мэдээлэл хийлээ. ХАБЭА-н хэлтсээс зорилтот болон ээлжит бус шалгалт зохион байгуулж, ажилчдад шаардлагатай зөвлөмж зөвлөгөөг хүргэн ажиллажээ. Тус хэлтэс өнгөрсөн долоо хоногт бүх нийтийн их цэвэрлэгээнд үйлдвэрийн цех нэгжийг хамруулсан, коронавирусээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт ажлуудыг зохион байгуулсан, үйлдвэрийн бүсэд халуун хоолны үйлчилгээ үзүүлж байгаа “Хаан хүнс катеринг”-ийн үйл ажиллагаанд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж, нэг сая төгрөгийн торгууль ногдуулсан тухай мэдээллээ. Мөн энэ долоо хоногоос эхлэн үйлдвэрийн дүүрэгт орж, гарч байгаа ажилчдын сахилга хариуцлагыг дээшлүүлж, цаг ашиглалтыг сайжруулахад хяналт тавин ажиллахаар болжээ.
Үйлдвэрлэлийн хэлтэс намар, өвлийн ажлын төлөвлөгөөний гүйцэтгэлээ гаргаж, хавар, зуны бэлтгэл ажлын төлөвлөгөөг батлуулахад бэлтгэсэн бөгөөд сарын эхний 5 хоногийн байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт сайн гарчээ. Ил уурхайд токарийн машин шинээр суурилуулахаар бэлтгэж байгаа бол Автотээврийн цех ажилчдын автобусанд өдөрт 3 удаа ариутгал халдваргүйтгэлийн ажил зохион байгуулж, Баяжуулах үйлдвэр зардал бууруулах чиглэлээр ажлууд хийж байгаа талаар тус тус мэдээллээ. Засвар механикийн заводод технологийн процесс хэвийн явагдаж, Цутгуурын цехийн шинэчлэлийн ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус цех хямралын эсрэг төлөвлөгөөнд 50 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Харин Худалдан авах ажиллагааны хэлтэс он гарсаар 130-аад тендер зарлаж, төрийн худалдан авах ажиллагааны цахим системд байршуулаад байна.