Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Эрдэнэт үйлдвэр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлэх ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулахын зэрэгцээ ажилтны сахилга бат, цаг ашиглалтыг сайжруулахад хяналт тавих үүрэг чиглэл авчээ. Үйлдвэрийн хэмжээнд мөрдөх цаг ашиглалтын талаар “Анхааруулга” бэлтгэн, шалган нэвтрүүлэх 1, 2-р байранд байршуулсан тухай ХАБ-ын албаны дарга Х.Эрдэнэбат мэдээллээ. Үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын баталсан дотоод журмын дагуу хэсэг, албадын дарга нар тухайн ажилтанд нэг хүртэл өдрийн чөлөө олгох эрхтэй бөгөөд чөлөөний хуудсыг тухайн өдрийн цагийн бүртгэлийн программтай тулгах зарчмаар хяналт тавин ажиллах юм. Тиймээс нийт ажилтнууд шаардлагатай тохиолдолд чөлөөний хуудас бичүүлэх, гарахдаа цаг бүртгэлийн машинд үнэмлэхээ заавал уншуулах хэрэгтэйг санууллаа.