Геологичид шинэ сарыг өндөр бүтээлээр угтлаа

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын баг сүүлийн жилүүдэд геологи хайгуулын ажилд зарцуулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, Эрдэнэтийн Овоо ордын нөөцийг нэмэгдүүлэх шат дараатай ажлуудыг тасралтгүй хийж байна. Геологи хайгуулын ажлын хүрээнд Геологи хайгуулын экспедицийн хамт олон өнгөрсөн тавдугаар сард нийт 1800 тууш метр өрөмдлөгийн ажил хийж, геологийн боловсруулалт, бичлэг хийх, дээж авалт, дээж боловсруулалт зэрэг төлөвлөгөөт ажлуудаа давуулан биелүүлжээ. Ажлын гүйцэтгэлээ 200 орчим хувьд хүргэсэн геологичид тавдугаар сарыг өндөр бүтээлийн сар хэмээн нэрлээд байна.

Тус экспедици энэ сард 3650 тууш метр өрөмдлөгийн ажил хийхээс дийлэнхи хувийг Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд тэсэлгээний өрөмдлөг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ. Тэсэлгээний өрөмдлөгийг энэ сарын 4-нөөс эхлүүлнэ. Мөн 2020 оны төлөвлөгөөнд Шандын ордод 7000 тууш метр өрөмдлөг хийхээс одоогоор 2000 гаруй тууш метр өрөмдлөг хийж, Үйлдвэр технологийн паркийн талбайд үйлдвэр байгуулах төслийн суурь судалгааны ажлыг хийж гүйцэтгээд байгаа юм.