Баяжуулах үйлдвэрийн хэмжээнд 2020 онд хийх техникийн шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ 5.5х6.5 маркийн дөрөвдүгээр тээрэм шинэчлэгдлээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр эхэлсэн тээрэм шинэчлэлийн ажил дуусаж, өнөөдөр туршилтын залгалт хийгдэв.
Ашиглаж эхэлснээс хойш 32 дахь жилдээ ажиллаж байгаа уг тээрмийг үйлдвэрлэлийн найдвартай, жигд ажиллагааг хангах үүднээс сольж, шинэчлэх шаардлагатай болсон байна. Украйн улсад үйлдвэрлэсэн МШЦ тээрмийг сольж, угсрах ажлыг тус цехийн засварын хэсгийн хамт олон гүйцэтгэж, 72 цагийн туршилтын залгалт хийхэд бэлэн болгожээ.Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ 5.5х6.5 маркийн дөрөвдүгээр тээрэм нь нэг цагт 289 тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай. Шинэ тээрмийг нийт 1056 цагийн хугацаанд сольж, угсрахаар төлөвлөж байсан ч засварын хэсгийнхэн 700 орчим цагт багтаан дуусгажээ. Ингэснээр, үлдэж байгаа 300 гаруй цагт нь 100 мянган тонн хүдэр боловсруулах боломж бүрдсэнийг засварын хэсгийн дарга Д.Наранбаатар онцоллоо. Өөрөөр хэлбэл, хуваарийн дагуу 43 хоногт гүйцэтгэх ажлыг шуурхай зохион байгуулалттай ажилласнаар 29 хоногт багтаан гүйцэтгэсэн байна.
Баяжуулах үйлдвэрийн хамт олон 2020 онд 32 сая 300 мянган тонн хүдэр боловсруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Дөрөвдүгээр тээрмийг шинэчлэн, хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулснаар зөвхөн энэ тээрмээр 100 мянган тонн хүдэр боловсруулах боломжтой болжээ. Тодруулбал, цаг хэмнэснээр үйлдвэрлэлийн өндөр бүтээмж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдсэн байна.