Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчид дэлхий нийтийг хамарсан цар тахал Covid-19 вирусын халдварын үед хүнд нөхцөлд ард иргэдийн эрүүл энхийн манаанд тэргүүн эгнээнд ажиллаж буй “Эрдэнэт” сувиллын цогцолборын эмч, эмнэлгийн ажилтнуудад нэг хэрэглээний 1000 ширхэг амны хаалт хандивлахаар шийдвэрлэснээ өнөөдөр гардуулав. Тус холбооны гишүүд вирусын халдвараас ажилчдаа сэргийлэх үүднээс дархлаажуулалтын болон витаминжуулалтын аяныг “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор, Дулааны цахилгаан станц, Засвар угсралтын цех, Зураг төслийн хүрээлэн, Захиргаа, аж ахуйн цехэд өрнүүлсэн бол энэ удаа “Эрдэнэт” сувиллын цогцолборын Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүдийн хүсэлтээр амны хаалт хандивлалаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн хандив тусламж, сайн үйлсийн аян үргэлжилнэ гэж Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Төгсбаяр ярьсан юм.
Одоогийн байдлаар “Эрдэнэт” сувиллын цогцолборт 75 хүн тусгаарлагдаад байна. Хилийн “Алтанбулаг” боомтоор орж ирэн тусгаарлагдсан Монгол иргэдийн олонх нь оюутнууд байна. Тэдний дөрөв нь өрхийн эмнэлгийн хяналтад өчигдөр гарсан бол маргааш ОХУ-ын нэг иргэн тусгаарлалтаас гэрийн хяналтад шилжинэ. Халуун цэг дээр хоёр эмч, хоёр сувилагч, хоол зөөгч гурван ажилтан, цэвэрлэгээний гурван үйлчлэгч хамт тусгаарлагдан ажил үүргээ гүйцэтгэж байна.