Сүүлийн жилүүдэд, Ил уурхайн тоног төхөөрөмж шинэчлэгдэж хүчин чадал нь нэмэгдсэн, ажлын хүрээ тэлж, уурхай өргөссөнтэй холбоотой гадаад цахилгаан хангамжийн чадлыг нэмэх, цахилгаан дамжуулах агаарын шугамыг өргөтгөх, уулын ажлын хүрээнээс гаргах зайлшгүй шаардлага үүссэн. Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн гадаад цахилгаан хангамжийг сайжруулах ажлын тендерт “Энх өглөө” компани ялсан. Оны өмнөөс эрчтэй эхэлсэн уг ажил энэ сарын сүүлээр дуусах төлөвлөгөөтэй байсан ч “ковид-19” халдварын нөхцөл байдлаас шалтгаалан хоёр сараар хойшиллоо. Одоо Ил уурхай нийт 8 МВА-ийн чадал бүхий хоёр дэд станцтай. Гэтэл уурхайн тоног төхөөрөмжийн суурилагдсан чадал нь 12,5 болсон. Цахилгаан хангамжийн чадлын дутагдлыг тоног төхөөрөмжүүдийг оновчтой байрлуулах, нэг гаргалгаа дээрх ачааллыг тэнцвэржүүлэх зэргээр “аргалж” байна. Өргөтгөл хийгдэж дэд станцууд нэмэгдсэнээр нийт 32,6 МВА-ийн чадалтай болж, долоо байсан гаргалгаа 24 болж нэмэгдэх юм. Ингэснээр тоног төхөөрөмжүүдээ өөрсдийн хүссэн газар байрлуулан цахилгаанаар найдвартай хангах, цахилгаан дамжуулах агаарын шугамын гэмтэлгүй болох нөхцөл бүрдэх юм. Түүнчлэн Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх цахилгааны эх үүсвэрийг эндээс шийдэх боломж нээгдэнэ.