Шинэ төрлийн корона вирусын халдвар Монголд бүртгэгдсэн энэ онцгой цаг үед “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчид ээлжит тусламжаа Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын бие бүрэлдэхүүнд хүргэлээ. Тодруулбал, Орхон аймгаас гарч, орох замын постууд болон ариутгал халдваргүйжүүлэлтийн хэсгүүд дээр, тусгаарлалтын хяналтын халуун цэгт ажил үүрэг гүйцэтгэж буй бие бүрэлдэхүүнд хамгаалах хувцас хэрэгсэл, амны хаалт, ариутгалын багаж, резинэн гутал зэргийг хандивлав. Баялаг бүтээгч уурхайчдын халуун сэтгэл шингэсэн тусламжийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Жигдэнгомбод гардуулсан юм.
Б.Жигдэнгомбо дарга “Онцгой нөхцөл байдлын үед Улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын 2500 орчим байцаагч халуун цэг дээр цаг наргүй ажиллаж байна. Нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, ариутгалын багаж хүрэлцэхгүй байгаа энэ үед Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид маань дэм үзүүлж байгаад талархаж байна. Бид та бүхний тусламжийг Буянт-Ухаа боомт дээр ажиллаж мэргэжил нэгтнүүдтэйгээ хуваалцах болно” гэж ярилаа.