Шинээр суурилуулж буй хуурай салгуурыг Баасан гаригт залгана

Цахилгаан цехэд техник, технологийн шинэчлэлийн ажлууд үе шаттай үргэлжилж байна. Тус цехийн засварчид Ил хуваарилах байгууламжийн өндөр хүчдэлийн тоног төхөөрөмжийн иж бүрэн засварын ажлын хүрээнд Хаягдлын аж ахуйн ЦРП-7, 10 зэрэг 35 кВ-ын дэд станцын хуурай салгуурыг сольж, суурилуулна. ОХУ-ын ЗЭТО компанид үйлдвэрлэсэн элегазын орчин үеийн технологи бүхий өндөр хүчдэлийн таслуур болон хуурай салгуурууд нь ажиллах горимыг илүү боловсронгуй болгосноороо давуу талтай юм. Шинээр суурилуулах хуурай салгуурын угсралтын ажил ирэх Баасан гаригт дуусаж, эхний залгалт хийнэ гэж цехийн үйлдвэрлэлийн инженер Г.Энхбаяр ярив.  

Цахилгаан  цехийнхэн хоёр дахь трансформаторын их засварыг эхлүүлжээ. Тус цех 2019 онд Казахстан улсад үйлдвэрлэгдсэн шинэ трансформатор хүлээж авснаар 30 гаруй жилийн насжилттай, үйл ажиллагаа нь доголдож аваарын байдалтай байсан хоёр трансформаторыг сольж, ээлжээр засварлах боломж бүрдсэн юм. Үүний үр дүнд тус цехийн ажилчид өөрсдийн хүчээр Хаягдлын аж ахуйн дэд станцын Ил хуваарилах байгууламжид байрлаж буй 10000 мВт хүчин чадалтай, 35кВ-ын трансформаторыг сольж дууссан байна. Ингэснээр, Хаягдлын аж ахуйн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасралтгүй найдвартай байдлыг хангах чухал ажил болжээ. Өнөөдрийн байдлаар, хоёр дахь трансформаторын механик угсралт хийгдэж буй бөгөөд засварчид богино хугацаанд, чанартай, найдвартай хийж дуусгах зорилттой ажиллаж байна.