Эрдэнэт үйлдвэрийн техник технологийн шинэчлэлийн хүрээнд Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт МШЦ-6.5х5.5 маркийн дөрөвдүгээр тээрмийг сольж шинэчлэх бэлтгэл ажил өнгөрсөн сарын 25-нд эхэлжээ. Шинэчлэлийн ажлын явц төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж буйг Нунтаглан баяжуулах хэсгийн ахлах технологич Ч.Энхбаатар ярилаа.
Хуучин тээрмийн бүх буулгалт болон шинэ суурь цутгалтын ажил өнгөрсөн амралтын өдрүүдэд хийгдэж дуусжээ. Одоо тээрмийн орох талын торц болон барабануудыг хийж гүйцэтгэж байна. МШЦ-6.5х5.5 маркийн дөрөвдүгээр тээрэм шинэчлэх ажлыг 1000 цагт багтаан гүйцэтгэх буюу энэ сарын сүүлээр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн аж.
Тээрэм солих ажлыг Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэг, Засвар угсралтын цех, Барилга засварын цех хамтран гүйцэтгэж байна. Украйн улсад үйлдвэрлэсэн МШЦ-6.5х5.5 тээрмийг сольж, суурилуулснаар хөдөлмөрийн аюулгүй байдал болон үйлдвэрлэлийн найдвартай үйл ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой юм.