“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөгжлийн үндсэн чиглэлд тусгагдсан технологийн том төслүүдийн нэг нь Ил уурхайн хөрсний тээвэрт мөчлөгт урсгалт тээврийн технологийг нэвтрүүлэх төсөл юм. Уг төслийг энэ онд хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байгаа юм.
Үүнтэй холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын А/36 тоот тушаал гарч, үйлдвэрийн өргөтгөл, шинэчлэлийн “Ил уурхайн хөрсний тээвэрт мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх” төслийн ажлын гүйцэтгэгчийг сонгож, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан байна. Ажлын хэсгийг Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх ахалж байна.
Ажлын хэсгийнхэн одоогийн байдлаар эл төслийг гүйцэтгэж чадах ажлын туршлагатай, техник хүн хүчний хувьд бололцоотой, санхүүгийн чадавхтай компаниудыг судалж, Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу гүйцэтгэгчийг сонгож, танилцуулахаар бэлтгэж байгаа аж. Ил уурхайн хөрсний тээвэрт мөчлөгт урсгалт тээврийн технологийг нэвтрүүлэх төслийн үр өгөөж, ач холбогдлын талаар 2017 онд Эрдэнэт хотод болсон “Хамтын ажиллагаа ба хөрөнгө оруулалтын боломж” олон улсын форумын үеэр уулын тоног төхөөрөмж үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч компаниудын мэргэжилтнүүдтэй хэлэлцэн, санал солилцож байсан юм.