“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль 45-н жилийнхээ ойн босгон дээр Монгол Улсын Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлийн Удирдах зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 07 тоот тогтоолоор 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдэв.

“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нь Монгол Улсын Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний зөвлөлөөс 2002 онд анх удаа, 2009 онд хоёр дахь удаагаа магадлан итгэмжилсэн, 2018 оноос 3 дахь шатны магадлан итгэмжлэлд орох бэлтгэл ажлыг хангаж, өөрийн үнэлгээний тайлан боловсруулах комисс байгуулж, БМИҮЗ-д магадлан итгэмжлүүлэх хүсэлт гарган, гэрээ байгуулан ажилласан. Өнгөрсөн оны 6 дугаар сард “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн сүүлийн 10 жилийн ажлын тайланг Дээд болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн өнөөгийн шалгуур, шаардлагыг хангаж буй эсэхэд дүн шинжилгээ хийж, үнэлэлт, дүгнэлт өгсөн өөрийн үнэлгээний тайланг БМИҮЗ-д хүргүүлж, 2019 оны 10 сарын 16-18-ны өдрүүдэд БМИҮЗ-ийн шинжээчийн баг “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр ажиллан, магадлан шинжлэх үйл ажиллагаа явагдсан байна.   

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн түүхийг бүтээлцсэн үе үеийн удирдлага, багш, ажилтан, төгсөгч, оюутнууд болон үргэлж дэмжиж ажилладаг үүсгэн байгуулагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ШУТИС-ийн хамт олон та бүхэндээ талархал илэрхийлье.

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захиргаа