Улс, хот хоорондын зорчих хөдөлгөөн маргааш өглөөний 06:00 цагт нээгдэнэ

Улсын онцгой комиссын энэ сарын 01-ний өдрийн ээлжит хуралдаанаар улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг маргааш буюу 3 дугаар сарын 3-ны өдрийн 06:00 цагт нээх шийдвэр гаргалаа. Хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслийн тасалбарыг өнөөдрөөс эхлэн онлайн болон чат-аар бичилт хийж эхэлжээ. Ингэхдээ Автотээврийн 1900-1234 лавлах үйлчилгээний утас болон https://www.facebook.com/autoteever/page хуудасны чат-аар өдөр бүр 08:00-20:00 цагийн хооронд тасалбар бичих үйлчилгээ үзүүлэхээр болсон байна.

      Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн Олон улсын хуваарьт нислэгийг энэ сарын 02-11-ний өдөр хүртэл хугацаанд түр зогсоож, Япон, Итали, Иран, Солонгос улсаас ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин эх орондоо зорчиж буй Монгол Улсын иргэдийг энэ сарын 30-ны өдрийг дуустал зөвхөн агаарын замын “Буянт-Ухаа”, авто замын “Алтанбулаг-Хиагт”, төмөр замын “Сүхбаатар-Наушки” боомтоор улсын хил нэвтрүүлэхээр боллоо. Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Олон улсын Эмэгтэйчүүдийн баяр, Монгол цэргийн өдөр, Наурызын баяр зэрэг тэмдэглэлт өдрийг тохиолдуулан нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагад үүрэг болгоод байна.

И.Чинтогтох