“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2020 оны 1 дүгээр сард үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд 100-аас дээш хувиар биелсэн байна. Харин хүдэр дэх металлын зэсийн агуулга 99.3 хувийн дүнтэй гарчээ. Оны эхний сард уурхайчид 2175.0 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөөг 106.1 хувиар, 969.51 мянган метр куб хөрс хуулж, төлөвлөгөөг 113.5 хувиар тус тус биелүүллээ. Хүдэр олборлолтын төлөвлөгөө энэ хугацаанд 100.8 хувиар биелж, төлөвлөснөөс илүү буюу 3074.0 мянган тонн хүдэр олборлолтын ажил гүйцэтгэв. Ил уурхайнхан Баяжуулах үйлдвэрт 2764.0 мянган тонн хүдэр өгч, төлөвлөгөөг 109.0 хувиар биелүүлсэн бол исэлдсэн хүдрийн олборлолтын гүйцэтгэл 100 хувийн үзүүлэлттэй гарчээ. Мөн өрөмдлөг, тэсэлгээний хэсгийнхэн 42500 тууш метр өрөмдлөгийн ажил хийж, төлөвлөгөөг 102.4 хувиар биелүүлсэн байна. Өнгөрсөн сард ачаа эргэлтийн төлөвлөгөө 112.3 хувиар биелжээ.
Баяжуулагчид эхний сард 2766.0 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөт үзүүлэлтээ 100.9 хувиар биелүүлсэн байна. Зэсийн металл авалтын төлөвлөгөө 100.46 хувь, молибдены металл авалт 104.47 хувиар биелсэн үзүүлэлттэй гарсан бол зэсийн баяжмал гаргалт 101.3 хувь, молибдены баяжмал гаргалт 100.8 хувьтай байна. Ачигдсан баяжмал дахь зэсийн агуулга 101.8 хувь, молибдены агуулга 118.6 хувиар биелж, зэсийн баяжмалын чанар 101.7 хувь, молибдены баяжмалын чанар 104.6 хувийн үзүүлэлттэй тус тус гарчээ. Үйлдвэрлэлийн хэлтсийнхэн эдгээр үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулан дүгнэсэн байна. Тухайлбал, өнгөрсөн 2019 оны 1 дүгээр сард уурхайчид 922.4 мянган метр куб хөрс хуулж байсан бол 2020 оны эхний сард 969.51 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэж, төлөвлөгөөний биелэлт 105.1 хувьтай гарсан байна.
М.Балжинням
Фото: Б.Баттөгс