Английн Премьер лигийн 32 дугаар тойргийн сүүлийн тоглолт өнгөрсөн улирлын аварга "Манчестер Сити", энэ улирлын шинэхэн аварга "Ливерпүүл" клубүүдийн хооронд боллоо. Тойргийн оргил болсон тус тоглолтод "Манчестер Сити" 4:0 харьцаагаар ялалт байгуулсан юм.
Тоглолт эхнээсээ л талбайн эздийн санаачилга дор өрнөж нэгдүгээр үе 3:0 харьцаагаар өндөрлөхөд Кевин Де Брюне, Рахим Стерлинг, Фил Фөүден нар гоол оруулав. Зочин багийн төвийн хамгаалагч Жое Гомезын алдааны улмаас "Хотынхон" торгуулийн цохилтын эрхийг авч эхний гоол 25 дахь минутад орсон бол хоёр дахь гоолыг Англи залуу Рахим Стерлинг 35 дахь минутад оруулсан. Тэрээр хуучин багийнхаа эсрэг 9 тоглолтод оролцож анхны гоолоо оруулсан нь энэ юм.
Харин хоёрдугаар үед "Ливерпүүл" клуб төдийлөн сэргэж чадалгүй байсаар дахин нэг гоол алдсан нь сэлгээгээр талбайд орж ирсэн Чэмберлэйний авто гоол байлаа. Аваргын болзлоо хангаад эхний тоглолтоо хийсэн "Улаанууд" тус тоглолтод сэтгэл санааны хувьд хэт тайван байсан нь алдаа болсон бөгөөд дасгалжуулагч Юрген Клоппт засаж сайжруулах зүйл олон байгааг харуулсан юм.