Ховд аймгийн Цэцэг суманд бүртгэгдсэн тарваган тахлын өвчлөлийн сэжигтэй хоёр тохиолдлын онош лабораторийн шинжилгээгээр батлагдаж, тарваган тахлаар өвчилсөн болох нь батлагдсаныг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ.
Мөн тэрбээр "27 настай эрэгтэй Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмчлэгдэж байгаа бол түүний дүү 17 настай эрэгтэй Цэцэг сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ба булчирхай хэлбэрийн тарваган тахлаар өвчилсөн нь тогтоогдсон.
Аймгийн төвд эмчлэгдэж байгаа хүний биеийн байдал хүнд, суманд эмчлэгдэж байгаа 17 настай залуугийн биеийн байдал дунд зэрэг байна.
Батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтал болох 146, хоёрдугаар хавьтал болох 504 хүнийг тогтоосон. Нэгдүгээр хавьтлын 146 хүнийг эмнэлэгт тусгаарлан, антибиотик эмчилгээ хийж байгаа" гэв.
Ховд аймгийн Жаргалант, Цэцэг суманд хөл хорио тогтоож, халдварыг тархаахгүй байх мэргэжлийн хариу арга хэмжээг ЗӨСҮТ болон Ховд, Баян-Өлгий аймгийн ЗӨСТ-ийн мэргэжилтнүүд шуурхай зохион байгуулан ажиллаж байгааг мөн ЗӨСҮТ-өөс мэдээлээд байна.